Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барив

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барилаа.

Энэхүү хуулийн төслийг 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан бөгөөд тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, үүнийг нь хууль тогтоох байгууллага хэлэлцэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барьж байгаа нь энэ юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ НЬ:

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ хуульд:

“10.Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно.” гэж нэмэлт оруулах,

ТӨВ БАНК (МОНГОЛБАНК)-НЫ ТУХАЙ хуульд:

“6/ хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой  нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд багтаж байгаа юм.

Энэхүү нэмэлт өөрчлөлтийг оруулах болсон шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөж буй Валютын зохицуулалтын тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Монголбанк валютын гүйлгээг зохицуулах, улсын гадаад валютын нөөцийг эзэмшин, удирдах үйл ажиллагаа явуулж байгаа боловч гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээдтэй валют худалдан авахаас бусад хэлцэл хийх эрхгүй байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсон гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Улмаар төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …