“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өчигдөр “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ.
“Сүүлчийн бүжиг”,“Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2” зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар уг киноны зохиолыг бичиж, найруулсан бол продюсераар “Blue Dragon” ХХК-ийн захирал Б.Батжаргал, Ш.Энхжаргал нар ажилласан байна.
Энэхүү киноны гол дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг,туслах дүрүүдэд МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тогложээ.
Харин киноны дууг МУГЖ Б.Сарантуяа, дуучин Б.Маралжингоотой хамтран дуулсан юм.
Нээлтийн үеэр“Хас энтертайнмент” студийн захирал, найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар“Манай киноны баг хамт олон нийгэм, хүний сэтгэл рүү хандаж киногоо бүтээлээ. Монголчууд минь бие биендээ хайртай байгаасай, нэгнийгээ хайрлаж байгаасай гэсэн үндсэн дээр зохиолоо бичсэн. Киноныхоо зохиолыг хоёр жил гаруй хугацаанд бичиж дуусаж өнөөдөр ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна” гэлээ.
Зулаагийн дүрд тоглосон залуу жүжигчин П. Шүүдэрцэцэг“Зулаа гэдэг айлын ганц эрх танхил, цайлган сэтгэлтэй, амьдрал үзээгүй 20 настай охины дүрд тоглолоо. Нандин гэдэг залуугийн найз охин болоод хэвлийдээ хайрынхаа үүрийг тээж байгаа охины дүр байгаа. Дүрийнхээ тухай дэлгэрэнгүй ярих гэхээр киногоо ярих гээд байна. Тийм учраас үзэгчид минь “Нинжин сэтгэл” киног маань ирж үзээд үнэлэлт дүгнэлтээ өгөөсэй гэж хүсч байна” хэмээн ярилаа.
Кино дууссаны дараа “Нинжин сэтгэл” уран сайхны киноны нээлтэд уригдсан МУГЖ Б.Сарантуяа, МУСТА Д. Бямбацогт нарын сэтгэгдлийг нь сонссон юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа“Миний хамгийн их хүндэлж явдаг хос жүжигчин С. Өлзийхүү, найруулагч Ц. Хүсэлбаатар хоёрын маань “Хас энтертайнмент”-ийн бүтээл “Нинжин сэтгэл” кино үнэхээр гайхалтай, сургамжтай бүтээл болжээ. Хүний сэтгэл дотор маш их зүйл өгүүлэхээр болсон байна. Мөн залуу хосуудыг заавал ирж энэхүү киног ирж үзээсэй гэж уриалж байна”гэж хэллээ.
Харин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт“Киног үзээгүй байгаа үзэгчдэд хандаж хэлэхэд н түгшрэл, утаанаас болж хүмүүс асар их бухимдаж байна. Энэхүү бухимдлаас салах нууц арга кинонд харагдлаа. Мөн бид стресс, үзэн ядалт, өшөө хорсолгүйгээр амьдарч болох юм байна гэдгийг “Нинжин сэтгэл” кино харуулж чадлаа гэж бодож байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Г. Нараа