Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.
“Дархлаажуулалтын 10 хоног“-ийн талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Мөн Уран зургийн галерейд “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.Иймд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд Дархлаажуулалтын хөтөлбөрийг баталж, дэлхийн 190гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм.
Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж,сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан.Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг” хэмээн онцлов.