УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдсэнийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсан. Гишүүд, ганц цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж бус бусад иргэдийн тэтгэвэр бодуулах цалингийн дундаж жилийг буцааж тав болгох эсэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх багц хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд амжвал намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэтгэвэр, тэтгэмжид хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд тусгаж байгаа гэдгийг сайд хариулав.
2019 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэхээр тусгаад байгааг мөн тодотгосон. Түүнчлэн олон улсын байгууллагаас нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах зөвлөмж өгдөг гээд энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулан тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байсныг зургаа, долоон жил болгон өөрчилсөн гэж тэрбээр хэллээ. Цаашид ажилласан жилийн дараалсан хугацаа тав байх уу, долоо байх уу гэсэн асуудлыг тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуулийн шинэчлэлийн үеэр ярилцан шийдэж болох байх гэж бодож байна хэмээсэн.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжин хуулийг баталлаа.