БНХАУ-д зохиогдсон Олон Улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition-2018” уралдаанд цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.
Тэрбээр 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдаанд гуравдугаар байр эзлэн, “Шилдэг басс” хоолойтой дуучин, Хөдөлмөрийн баатар, мөн Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ.
Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна. 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.