УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг өөрөө тарахыг шаардаж, зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр”С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчдыг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч нам, намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хааж байгаа нь хууран мэхлэлт, тархи угаалт хийж байна.
Соёлын өвийн олон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж эрх баригч нам хаасан. Одоо ч авлига, албан тушаалын олон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мөрдөн шалгах ажиллагааг хааж байна. Эрх баригч намын удирдлагуудад хэлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно.
Соёлын өвийн гэмт хэрэг, төрийн өндөр албан тушаалтны амь насыг хөнөөсөн, бүх насаар нь хорих ял шийтгэсэн, бүх насаар нь цаазын ял өгч байгаа гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй байхаар УИХ, дээд шатны байгууллагууд шийдвэр гаргах бүрэн боломжтой. Бид хуулиа өөрчлөх бүрэн боломжтой.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. 1998 онд үйлчилж байсан эрүүгийн хуулийг бариад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж өнөөдөр асуудлаас бултах гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлье. Энэ Засгийн газар Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлана, хэргийн материалыг ил болгоно гэж амлаж гарч ирсэн” гэв.