Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор дүүргүүд бага хурлаа хийж, намын хороогоо шинэчлэн байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд дүүргийн 32 үүрийн 160 төлөөлөгч, квотын 57 төлөөлөгч оролцож, хурал 90 гаруй хувийн ирцтэй болсон юм.
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж үг хэлж, өнгөрсөн хугацаанд хийсэн дүүргийн намын хорооны ажлаа тайлагналаа. Тэрбээр “Миний бие 2012 оны 08 сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын даргын ажлыг хүлээн авч байлаа. Энэ цаг үе бол Нийслэлийн болон УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд цөөнх болсон, амаргүй цаг үе байсаан. Гэвч бид айгаагүй, зүрхшээж шантраагүй ээ. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэж Монголчууд ярьдаг. Тийм ч учраас дүүргийн намын хорооны байраа засаж, шинэ өнгө төрхтэй, шинэ эрч хүчтэй жишиг намын хороо болохоос бид ажлаа эхлүүлж байсан. Бид богино хугацаанд ойлголцож, бодлогоо зөв тодорхойлж, шуурхай ажилласны үр дүнд 2012 оны 10 сард болсон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадсан. Улмаар 2013 оны 4 сард болсон УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар сонгинохайрханчуудынхаа итгэлийг хүлээж төр түшилцэх эрхэм үүргийг хүлээн авч хамтдаа баярлаж, дараагийн том зорилгоо төлөвлөж, ханцуй шамлан орж байлаа.
Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн намын хорооныхоо дотоод ажлаа чамбайруулж намын анхан шатны нэгжүүдийнхээ үйл ажиллагааг бэхжүүлэх, материаллаг техник хэрэгслээр хангах, намын гишүүдээ идэвхижүүлж, мэдээллээр хангах зэрэг олон чиглэлд анхаарч ажилласан. Сонгинохайрхан дүүргийн намын хороо шуурхай, сайн хамтарч ажилласны дүнд 2016 онд УИХ-ын 6 гишүүн, нийслэлийн 9 төлөөлөгчтэй болж, 100 хувийн ялалтыг орон нутаг, нийслэлийн сонгуульд байгуулж чадсанаараа би та бүхнээрээ бахархдаг. Мөн иргэдийн хуралд 39 төлөөлөгчтэй болж, 95 хувийн ялалт байгуулсан нь та бүхний минь хичээл зүтгэл юм шүү ” хэмээв.
Тэрбээр мөн Сонгинохайрхан дүүрэгт шат шатандаа МАН эрх барин ажиллаж байгаа тул ард түмэндээ амласан амлалтуудаа 100 хувь биелүүлж ажиллах хэрэгтэйг онцлоод сонгогчидтойгоо эргэх холбоотой байж, хэлсэн амлалтуудаа бүрэн биелүүлэх боломж бийг хэллээ.
Хурлын үеэр мөн дүүргийн хяналтын хорооноос өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнасан юм.
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, 100 хувийн саналаар 117 хүнийг дүүргийн намын хорооны гишүүнээр, 7 хүнийг хяналтын хорооны гишүүнээр сонголоо. Үргэлжлүүлэн дүүргийн намын хороо анхдугаар хурлаа хийж, намын даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг, дэд даргаар Б.Хуягбаатарыг сонгосон юм. Мөн орон тооны бус 4 дэд даргыг гишүүдийнхээ саналаар сонгосон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Дүүргийн намын даргын ажлаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахаас эхэлье гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Тиймээс дүүрэгтээ бүсчилсэн хөтөлбөрийг гаргаж ажиллан, үүнийгээ Улаанбаатар хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй үүнийгээ уялдуулна. Тодруулбал, Толгойт, Баянхошуу, төвийн, Өнөрийн бүс гэж ажиллая гэж бодож байна. Хоёрдугаарт халамж гэхээсээ илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.