Зээл, лизинг, гар утасны төлбөрөө цагт нь төлөөгүй бол зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Эдийн засаг эргэж сэргэн, банкууд, ББСБ-ууд, ХЗХ-оодын үйл ажиллагаа дахин идэвхжиж байна. Зээл авсан иргэдийн тоо, зээлийн дүн тогтмол өссөөр байна. Гэвч өмнө нь авсан зээл, эсвэл лизинг, гар утасны төлбөрөө цагтаа төлөөгүйн улмаас Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээл, авлагад бүртгэгдэх тохиолдлууд байсаар байна.

Иймд ямар тохиолдолд иргэд, ААН-ийг энэ санд бүртгэдэг, бүртгэхдээ хэрхэн ангилдаг талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаатай ярилцлаа.

-Зээлийн мэдээллийн санг хэзээ байгуулсан бэ?
-Монголбанк зээл олгогч банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал болон санхүүгийн сахилга батыг хангах зорилгоор 1997 онд Зээлийн мэдээллийн санг Монголбанкны дэргэд албан ёсоор байгуулсан. Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Зээлдэгчид буюу иргэд, аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээлэл энэ санд бий. Ойролцоогоор 7-9 сая ширхэг зээлийн мэдээлэл байдаг. Энэ сан Зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллага болон иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд үүссэн зээл, төлбөртэй холбогдон үүссэн мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг.

Зээлдүүлэгч байгууллагууд Монголбанктай хамтын ажиллагааны гэрээ байгуулан “Зээлийн мэдээллийн сан”-д мэдээлэл нийлүүлэх болон хандах эрхээ авдаг. Өнөөдрийн байдлаар арилжааны банк, ББСБ, ХЗХ зэрэг 600 орчим байгууллага уг эрхийг авсан. “Зээлийн мэдээллийн сан”-гийн хэрэглэгч буюу мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Зээл авсан бүх иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг зээлдүүлэгч байгууллагууд хуулийн дагуу Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д нийлүүлэх үүрэгтэй.

-Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч ямар байгууллагууд байдаг вэ?

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо;
  • Санхүүгийн түрээсийн компани;
  • Үүрэн холбооны оператор компаниуд бусад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хуулийн этгээд мэдээллээ нийлүүлдэг.

-Иргэд хүсвэл зээлийн мэдээллийн лавлагаа авч болох уу?
-Болно. Харилцагч банкныхаа төвд хандаж, зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас авах боломжтой. Энэ сангийн мэдээллийг зөвхөн санхүүгийн харилцаанд ороход л ашиглана.

-Зээлийн мэдээллийн санд нэгэнт сөргөөр бүртгүүлчихсэн бол дахин зээл авч чадахгүй гэж олон хүн боддог. Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ. Ангиллаас хамаарч дараагийн зээл авах үйл ажиллагаанд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг үү?   
-Төлж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл, төлбөрийг ангилдаг:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног –Хэвийн
  • 90 хүртэл хоног – Анхаарал хандуулах буюу хугацаа хэтэрсэн
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

Зарим улсад иргэн, ААН-д оноо өгөх замаар өөр үнэлгээг мөрддөг.

Зээл олгогч байгууллага зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэхээ шийдвэрлэдэг. Хэвийн бус, эргэлзээтэй, Муу ангилалд бүртгэгдээд, зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бол банк, санхүүгийн байгууллага дийлэнх тохиолдолд эрсдэлтэй гэж дүгнэдэг. Бусад ангиллын зээлдэгчид дахин зээл олгох, эсэх нь тухайн банк, санхүүгийн байгууллагын дотооддоо гаргах шийдвэр. Учир нь зээлийг итгэлцэлд үндэслэн олгодог шүү дээ. Харин зээлийн мэдээллийн сангийн чанаргүй ангилалд багтсан гэдгээр дахин зээл олгохгүй гэсэн ямар нэгэн журам зохицуулалт байхгүй гэдгийг анхаарна уу.

-Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжтой юу?
-Тухайн Банк, санхүүгийн байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг алдаатай, эсвэл давхар нийлүүлсэн тохиолдолд тус зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд гарган, шийдвэрлүүлэх боломжтой. Монголбанк зөвхөн зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан, шалтгаан үндэслэлийг судалдаг. Хэрвээ зээлдэгч гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад зээлийн мэдээллийг үндэслэлгүйгээр буруу ангилалд ангилсан, давхардуулан нийлүүлсэн нь тогтоогдвол холбогдох өөрчлөлтийг оруулдаг. Мөн Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээллийг өөрчилдөг.

-Энэ сан дахь сөрөг мэдээллийг та бүхэн ямар хугацаанд хадгалдаг вэ?
-Зээл, төлбөрөө төлж дууссан гэсэн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлснээс хойш зургаан жилийн дараа зээл, төлбөрийн ангиллаас үл хамааран зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй болгох замаар зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй.

Өнгөрсөн жил Монголбанк 25 орчим мянган зээлдэгчийн мэдээллийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарласан. Ямар тохиолдолд мэдээллийг нь хязгаарладаг вэ?
-Банк санхүүгийн байгууллагууд иргэдэд зээл олгох эсэх шийдвэрийг гаргах олон хүчин зүйлүүдийн нэг нь Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-гийн зээлийн мэдээлэл юм.

Хэдийгээр чанаргүй зээлийн түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй ч санхүүгийн байгууллагууд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зээл олгохоос татгалзах тохиолдол бий.

Иймд Монголбанк иргэдийн санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Зээлийн мэдээллийн сан”-д тодорхой нөхцөлийг хангасан зээлдэгчийн мэдээллийг лавлагаанд тусгагдахгүй байх хязгаарлалтын арга хэмжээг 2017 онд авсан. Тодруулбал, зээлээ нэг жилийн дотор төлөх гэрээний нөхцөлтэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй, зээлийн эргэн төлөлтийн нэг удаагийн зөрчилтэй, хугацаа хэтрүүлсэн зээлээ 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө төлсөн байх гэсэн шалгуураар 25 мянга орчим зээлийн мэдээлэлд зээлдүүлэгч байгууллагуудын зүгээс хандах хандалтыг хязгаарласан.

Ингэснээр зээл олгогч байгууллагуудын ашигладаг зээлийн эрсдэлийн үнэлгээнд орохгүй. Зээл, төлбөрөө төлөх хугацаагаа өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан зөрчсөн, ажил олгогчийн зүгээс цалинг нь хугацаанд нь олгоогүйгээс дээр дурдсан ангиллын аль нэгт багтсан иргэдэд л энэ боломжийг олгосон юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй үе давхацсан байдлыг харгалзан, санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олгох нь зөв гэж шийдвэрлэсэн. Цаашид ийм төрлийн арга хэмжээ авахаас зайлсхийнэ.

Гар утасны лизинг, утасны төлбөр гэх мэт үйлчилгээнийхээ төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээлэл ч мөн “Зээлийн мэдээллийн сан”-д ордогт зарим иргэн дургүйцдэг.
-Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан” нь зээлдэгчдийн санхүүгийн сахилга батыг өндөрсгөх үүргийг давхар гүйцэтгэдэг тул санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулдаг. Иймд иргэд хариуцлагатай хандаж, зээлээ хугацаанд нь төлж, цаашид санхүүгийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх боломжтой. Учир нь үйлчилгээг нь иргэд түрүүлээд авчихсан, тухайн байгууллагаас тодорхой хэмжээний зардал гарчихсан байдаг. Энэ талаас нь харвал зээл олгосонтой адилхан процесс.

ҮСХ-ноос мэдээлснээр энэ оны есдүгээр сарын эцсээр хугацаа хэтэрсэн нийт зээл 991 тэрбум төгрөг байна. Үүний 6 хувийг иргэдийн авсан, хэрэглээний буюу цалин, тэтгэврийн зээл эзэлсэн. Харин чанаргүй зээлийн нийт үлдэгдэл 1.4 их наяд төгрөгт хүрээд байна. Үүний дөрвөн хувийг иргэдийн авсан зээл эзэлжээ.

Ярилцсанд баярлалаа

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …