Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л урвалаа

Улс төрийн хэрүүл Их хурлын чуулганы танхим, намын байр, төрийн ордноос аль хэдийнээ  хальж, иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан өнгө аястай  элдэв мэдээлэл цацагдах боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө  2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн О.Магнай, Ц.Элбэгдорж тэргүүтэй  АН-ынхан иргэдийг өдөөн турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, сүүлдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, 5 хүний  халуун амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсан харамсалтай хэрэг гарсныг олон түмэн мартаагүй байна.

Энэ жагсаалыг удирдаж байсан Ц.Элбэгдорж, О.Магнай тэргүүтэй улс төрчид жагсаалыг МАХН-ын байр руу чиглүүлж өгөөд нэг л мэдэхэд бүгд алга болж, өнөөх жагсаал нь хүчирхийлэл болон хувирсан. Тухайн үед Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, 24:00 цагаас эхлэн онц байдал зарлах шийд гарган  армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэж байлаа. Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Хамгийн харамсалтай нь түүхэнд 7 сарын 1-ны хэрэг гэж бичигдэн үлдсэн энэ хэрэгт тухайн үед улс төрчид ямар ч хариуцлага хүлээгээгүй үлдсэн юм. Тэр жагсаалыг зохион байгуулсан Ц.Элбэгдорж МУ-ын Ерөнхийлөгч болж, “дайраад тэмцээд” гэж орилж явсан О.Магнай төрийн өндөр албан тушаал хашиж, цагдаа нарыг удирдаж, чиглүүлж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн болоод л хэрэг замхарсан.

Уг нь цагдаагийн аппарат Хууль зүйн сайдын шууд удирдлаган дор харьяалагддаг төдийгүй цагдаагийн даргыг Хууль зүйн сайд томилдог. Хууль зүйн сайдын тушаалын  дагуу үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ЦЕГ-ын дарга нар  ял аваад шүүгдээд сууж байхад   тухайн үед үүрэг өгч байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуульд нэр дэвшин “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн уриа дэвшүүлсэн шиг сурталчилгаагаа хийж явсан гашуун түүх бидний өмнө байна. Хууль зүйн сайд нь сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд завгүй байхад хөөрхий хэдэн бор цагдаа учраа олохгүй шүүхийн үүдэнд бужигнаж, сайдын өгсөн тушаал, зааврыг биелүүлснийхээ төлөө ял авч байгаа нэгнээ хараад нулимсаа арчаад л зогсож байсан. Тэр үед цагдаа нар “Монголын төр, хууль зүйн яам маань биднээс урваж, нүүр бурууллаа” хэмээн гомдол гаргаж байсан.

Үймээнийг өдөөсөн бус зүгээр л сониучирхаж явсан иргэдийг цэрэг,цагдаагийн хүчээр буудан хөнөөж, машинаар хөөж баривчлан,  цагдан хорьж, эрүүдэн шүүсэн тэр аймшигт хэргийн төлөө хариуцлага хүлээлгүйгээр чимээгүйхэн мултарсан Ц.Мөнх-Оргил өнөөдөр бас л шударга хүний дүрд тоглож, “ Үндсэн хуулиа умартаж, Монголын тусгаар тогтнолд заналхийлэл учруулсан энэ явдлыг би эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдэл хийгээд сууж байна. МАН сонгуульд ялбал заавал сайд байх заяатай цөөнгүй хүмүүсийн нэг нь Ц.Мөнх-Оргил. Гэвч тэр Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа 7 сарын 1-ны хэргийг өдөөгчидтэй ямар ч хариуцлага тооцоогүй, хэдэн цагдаа нарыг яллаад өөрөө гэм буруугүй үлдсэн. Хожим Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Далай ламыг Монголд айлчилсны төлөө Хятадуудаас уучлалт гуйн олны дургүйцлыг төрүүлж байлаа. Тухайн үед олон хүн “Ц.Мөнх-Оргил сайдаа, та эх орноосоо урваж байна” хэмээн сануулж байсан удаатай. Харин энэ удаа “Ц.Мөнх-Оргил гишүүнээ та шударга ёсноос дахиад л урваж байна” хэмээн олон нийт эсэргүүцэж байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …