Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 50.6 хувийн ирцтэй эхлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, энэ сарын 22-ны өглөө Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Улсын Их Хурлын даргад хандаж ирүүлсэн шаардлагын талаарх байр сууриа Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд илэрхийлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны хариуг бичгээр өгсөн тухайгаа гишүүдэд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга шаардлага тавьсан нэр бүхий гишүүдэд өгсөн хариу бичигтээ, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “…Улсын Их Хурлын гишүүн … хууль санаачлах эрх эдэлнэ”, Дөчин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан. Дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, гишүүнийхээ хувиар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12989 тоот саналд гарын үсэг зурсан.
Үе үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нар өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон саналаа өөрийн биеэр хүлээн авч байсан. Монгол Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилсан хууль тогтоомжийг хүлээн авахыг хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй.
Гишүүдээс өгсөн албан бичигт дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан миний бие Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахаас татгалзаж, дэд дарга Я.Санжмятав удирдаж байсан. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд даргаар удирдуулах боломжтой гэдгийг хэллээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21-д “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасныг дурдаад нэр бүхий гишүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж, чуулганы хэвийн үйл ажиллагааг хангахад идэвхтэй оролцохыг хүслээ.
Дараа нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн тул уг асуудлыг өчигдөр намын бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагын үүднээс нэг өдрийн завсарлага авсан боловч бүлэг хуралдаж амжаагүй. Намын бүлэг одоо хуралдах шаардлагатай байгаа учраас бүлэгт хуралдах боломж олгохыг хуралдаан даргалагчаас хүссэн юм.
Иймээс намын бүлгийн даргын хүсэлтийн дагуу хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлын дараа Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.