Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч энэ байр сууриндаа байгаа. Хэлэлцэж байгаа асуудалд хамаарахгүй зарим нэг асуудлыг гаргаж, үүнийгээ дэвэргэж байгаа нь цаг үеэ олоогүй,улс хоорондын асуудалд ч ноцтой хохирол учруулах зүйлүүд болж байна. Батлан хамгаалахын сайдын хувьд хэлье. Гадаад улс орноос цэрэг техникийн зэвсэг, тэр дундаа ОХУ-аас байлдааны зэвсэг техник танк авсан зүйл байхгүй. Л.Энх-Амгалан гишүүн дахин дахин яриад байгаа энэ асуудал дээрээ уучлал гуйх ёстой. Өөрсдөдөө хамаагүй асуудлыг гадаад улс оронтой холбож ярьж болохгүй” гэв.
Үндсэндээ бол ийм хариуцлагагүй байр суурь илэрхийлж улс төржих явдал улс орны тэр дундаа төрийн гадаад харилцаанд сэв суулгах хэмжээний ноцтой асуудал үүсч мэднэ гэдгийг тулхтай, туршлагатай улс төрчийн хувьд хариуцлагатайгаар сануулав. Монгол Улсын төрд үнэнч шударгаар ажиллаж улсын хөгжил ард түмний эрх ашгийг дээдлэх үүрэгтэй улс төрчид өнөөдөр ингэтлээ үүргээ умартах ёсгүй. Иймд эрхэм төрийн түшээ Л.Энх-Амгалан та үндэслэлгүй худал мэдээлэл тараасан асуудалдаа уучлал гуйх нь зүйн хэрэг бизээ.