Эцсийн эцэст шударга ёс л ялна

Ерөнхийдөө л шударга бус явж ирсэн улстөрийн тогтолцоонд Засгийн газрууд огцрох, улстөрчид хоорондоо талцах байдаг л үзэгдэл байсаар ирсэн. Удалгүй хоорондоо тохирч,ханцуйн дотроо наймаалцаж, ”хамтарсан”, ”эвслийн”, “эв нэгдлийн” гэх мэт гоё нэртэй Засгийн газрууд байгуулагдаж,улстөрчдийн явдал дээрээ нам дарагддаг сүүлийн 20 гаруй жилийг ардаа үджээ. Харин өнөөдөр байдал өөрөөр эргэв. Сүх жанжны байгуулсан МАН-ын дарга Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойн өмнө зарим нэгний хэлснээр “сэлэм эргүүлж”, шударга бустай огт эвлэрэхгүйгээ удаа дараа,бүр дахин дахин зарлав. Жилийн өмнө Ерөнхий сайд,МАН-ын дарга болохдоо шударга ёсны төлөө л ажиллана гэсэн. Энэ амлалтдаа эзэн болохыг нь МАН-ынхан төдийгүй Монголын олон нийт хүсэн хүлээсэн. Энэ хүлээлтийг мэдэрсэн У.Хүрэлсүх нэг л өдөр тэсрэв. Тэсрэлтийг нийгэм даяараа дэмжиж байгаа нь сошиал сүлжээнд хэн нь “ялж” яваагаас л илэрхий.Нийгэм,нийтээрээ үнэхээр л шударга ёсыг хүсэн хүлээж,төр,засаг,намд үүрлэсэн авлига, хээл хахууль,бүлэглэл,МАНАН зэргийг сарниулахыг хүлээж байна.

 У.Хүрэлсүхийн удаа дараагийн мэдэгдлээс “ашгүй дээ,шударга бустай эвлэрэхгүй нь” гэж олон хүнд итгэл найдвар төрж байна. Нэгэнт тохироогүй,найраагүй нөхцөлд орсон шударга бусчууд ёстой л үхэхдээ үхэр буугаа тавьж буй мэт аашилж буйг сүүлийн өдрүүдэд харж буй байх.

Өдгөө УИХ-ын дарга сэтэртэй ч үнэндээ бол олон ардынхаа дунд “авлигач” дүрээр хоногшсон М.Энхболд эцсийн мөчид “Би ажлаа өгөхгүй ээ,би тэгэж яривал Хүрэлсүхэд ч газар өгсөн” хэмээн барьц алдав. Л.Энх-Амгалан гэж төрд ажилласан он жилүүддээ MSC гэж ганцхан компанийг л төлөөлж ирсэн УИХ-ын дэд дарга маань ЖДҮ-чид хуралд суух ёсгүй гэх зуураа би MSC-тэй хамаагүй гэж гүрийв. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ MSC-ийн 3 хувийг эзэмшдэг гэдгээ ор тас умартталаа улстөржинө гэж байх уу? УИХ-ын дэд даргын индэр дээрээс “Оросоос зэвсэг авлаа,зэвсэгт бослого гаргах нь” гэж бачимдан хашхирсныхаа хариуцлагыг Л.Энх-Амгалан дарга л хүлээх ёстой, өөр хэн ч биш.

Хамгийн багаар бодоход 1.9 тэрбумын байрны мөнгөө тайлбарлах гэж зовж яваа Ж.Мөнхбат,”Би Энхболдыг газар зарахыг ерөөсөө хараагүй” гэх Н.Номтойбаяр,Ерөнхий сайдын суудлаасаа бууснаас хойш бараг харагдаагүй Ж.Эрдэнэбат,Ерөнхий сайдын эхлүүлсэн шатахууны үйлдвэрийг яаж ийгээд бойкотлох санаатай О.Содбилэг,БОАЖ-ын салбараас идэж ууснаараа ихэд дээгүүрт тооцогдож буй Д.Оюунхорол нарын яаж бачимдан орилж, бачуурч байгааг бид энэ өдрүүдэд хангалттай харав. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулсных нь төлөө орилж,хашхирч яваа Д.Хаянхирваа, MSC-ийн Д.Мөнх-Оргил, энэ засагт байсан хэрнээ эрх ашгаасаа урваж чадахгүй арчаагүйтэж яваа Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын хамаатны А.Ундраа, Ганболд, гэр бүлээрээ төрд дарга хийдэг атлаа засгийнхаа эсрэг гарын үсэг зурсан Ц.Цогзолмаа… Алдах юм ихтэйн дээр айдаст автсан хүмүүс илүү зоригтой, бас илүү увайгүй байдгийг энэ өдрүүдэд бид хангалттай харав.

Бас дээр нь буруу,зөрүү замаар олж авсан мөнгө ихтэй. Эд бол АН-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээр асар том шударга бусын хонгилд үүрлэсэн, хонгилын эзэд нь нам дамнасан бүлэглэл. Ийм том хүчийг сөрөн зогсож, хурц зоригтой байгаад нь Ерөнхий сайдаар бахархахын сацуу бас өрөвдөн хайрлаж байна.Хамгийн гол нь МАНАН бүлэглэлийн толгойлогчид болох Ц.Элбэгдорж, М.Энхболд нар шиг шударга ёс, эв нэгдлийг хоосон яриад,хоолоо олж идэх арга хэрэгсэл болгосонгүй,хэлсэндээ хүрэх гэж тэмцэж байгаад нь ард түмэн нь уярч, дэмжиж байна.

Шударга ёс гэдэг хувь хүмүүс дээр очихоороо харьцангуй ойлголт.Учир нь нэг хүнд шударга санагдах зүйл нөгөөгийн эрх ашгийг зөрчиж болно.Харин нийгмийн тухайд нийт хүний аз жаргалтай байх нөхцөл юм гэсэн үг байдаг.Хууль,шүүхийн байгууллагууд гагцхүү шударга ёсыг л удиртгал болгож ажлаа явуулах ёстой,тиймээс ч эртний Грекийн бурхан Фемидагийн нүдний боолт нь хэнийг ч ялгаварлахгүйгээр шударга л байх ёстой гэсэн утгыг илэрхийлдэг.Харамсалтай нь Монголд шударга ёсны хамгийн том хэмжүүр болсон хууль,шүүх нь дампуурснаас хамгийн наад зах нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг огт шийдэгдэхгүй байгааг бид мэднэ. Хууль,шүүх шударга бусын хонгилд хамт орсон.Үүний эсрэг тэмцэж байгаа учраас монголчууд нийтээрээ У.Хүрэлсүхийг уухайлан дэмжиж байна. Монголын бүх ард түмний цангаж байгаа шударга ёсны төлөө тууштай тэмцэж байгаагаараа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол энэ цаг үеийн баатар. Том агуулгаар нь аваад үзвэл У.Хүрэлсүх,М.Энхболд хоёрын тэмцэл бол шударга ба шударга бусын тэмцэл.Эцсийн эцэст шударга ёс л ялна.

Т.Үлэмж

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …