Антонио Гутерреш: Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн

Аргентинд болох “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзаж, Йеменд өрнөж буй иргэний дайныг зогсоох тухай энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.

А.Гутерреш лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, энэ долоо хоногийн баасан болон бямба гарагт болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор Аргентиныг зорино гэжээ.

Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жилийн өмнө буюу 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдсэн юм. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлснээс хойш сөргөлдөгч талуудын мөргөлдөөн улам ширүүссэн юм.

“Энэ цаг үеийн хамгийн чухал асуудлуудын нэг нь Йемений иргэний дайныг зогсоох явдал” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглээд, уг дайн нь хүн төрөлхтөний хамгийн аймшигт хямралыг үүсгэсний зэрэгцээ олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулын ирмэгт тулж ирээд байгааг дурджээ.

Харин Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт ил тод, бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэх талаар А.Гутеррешээс асуухад тэрбээр тодорхой хариулт өгөөгүй байна.

“Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт нэвтэрсний дараа сураггүй болсон юм. Энэ хэргийн дараа түүнийг Консулын газраас амьд гарсан хэмээн албаны төлөөлөгчид мэдээлсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Саудын Арабын Засгийн газраас түүнийг Консулын газарт амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …