УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал танилцуулав.
Тэрбээр “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн н.Алтангэрэл манай дэд хороонд хаяглан ирүүлсэн. Мөн нэр бүхий хуулийн фирмээс дээрхтэй агуулгын хувьд яг адил саналыг ирүүлж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Ёс зүйн дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлээд байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нар утга ижил мэдэгдэл хийлээ. Ерөнхийдөө ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ үү гэдэг хүсэлт, шаардлага, өргөдөл, мэдэгдэл Ёс зүйн дэд хороонд ирсээр байна.
Дэд хороо хуралдахдаа хууль сахиулах байгууллагын шалгаж буй хэргийг давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж холбогдох хуульд заасан байдаг. Үүний дагуу прокурорын байгууллага руу албан бичиг илгээж, холбогдох хариуг хүлээн авсан. Иймд дээрх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлага байна. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ашиг сонирхолын зөрчил үүсч байгааг цохон, хэлэлцэж өгнө үү гэдэг бичиг ирүүлсэн. УИХ-ын 27 гишүүнээс уг асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонирхолын зөрчил үүсэх тул нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулах эсэхээр шийдвэр гаргана уу гэдэг шаардлагыг ирүүлээд байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. Олон нийтийн шаардлага, хүлээлт байна. Тиймээс эдгээрийг шийдэж байж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байна” гэв.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ.