Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооноос УИХдахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт улс төрийн шийдвэр гаргасантай холбогдуулан Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан”Өнгөрсөн баасан гаригт 30 гэр бүл ялах уу, 3 сая Монгол ялах гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн.Эх орончдынхоо талд, шударга бус хонгилыг бий болгосон хүмүүсийг эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас гурван гишүүн Засгийг унагаахгүй гэж санал өгсөн.
Тэгвэл өнөөдөр АН-ын дарга МАНАН-гийн бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцсон гэж намын удирдлагууд мэдэгдэл хийлээ. Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр би намаасаа хөөгдлөө. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна.
Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ” гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд”Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ.Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа.Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно”гэлээ.