Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй улмаас хуралдаж чадсангүй. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах санал, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх Таны хүсэлт зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар хойшлуулсан. Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байгаа хуралдааныг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон.
Та болон асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар хийгддэг Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулгын хариуг Улсын Их Хурлаар сонсох ажиллагаа 4 удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Та Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд оролцож Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой.
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байх хууль бус үйлдэл хийж байгаагаас мал тооллогын хугацаа тулсан, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед салбар нь эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал тодорхойгүй болсон. Нийт аж ахуй эрхлэгчдийн гуравны хоёрыг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарт гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засаж, залруулах шаардлагатай байна.
Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны ирцийг Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар хүргэхгүй, хуралд оролцохгүй байх арга хэмжээ авснаар 3 удаа хуралдаж чадаагүй. Түүнчлэн, Байнгын хороо хуралдаагүй тул Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын чуулганы 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадаагүй, 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн боловч Ерөнхий сайд Та болон Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь орж ирэхгүй зохион байгуулалттайгаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байсан.
Улсын Их Хурлын зарим гишүүд болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагаас тавьсан шаардлага, нийгэмд шударга ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Ёс зүйн дэд хороогоор 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэхээр зарласан боловч тус дэд хороонд харьяалагддаг Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар дэд хорооны хуралд оролцохгүй, зориуд санаатайгаар ирц бүрдүүлээгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэж чадахгүй байна.
Мөн танай Засгийн газар Улсын Их Хурлын ирцийг бүрдүүлэхгүй байх хууль бус арга хэмжээ авч, хуралдаанд оролцохгүй байгаагаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төсөл буюу иргэд олон түмний хүсэн хүлээж, шаардаж байгаа асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан тул хуульд заагаагүй үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар бол Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг бөгөөд Үндсэн хууль, төрийн хууль биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах ёстой байгууллага. Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг болон Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна.
Таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Танай Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүн сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна.