АНУ-ын “Time” сэтгүүлээс жил тутам гаргадаг Оны онцлох хүмүүсийн энэ оны жагсаалтад Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги багтсан байна. Энэ тухай сэтгүүлийн газраас даваа гарагт мэдээлжээ.
“Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь өнгөрсөн 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан бөгөөд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй нэр нөлөө бүхий хүмүүсийн хамтаар дээрх жагсаалтад бичигдсэн байна.
Ж.Хашогги Консулын газар руу гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр нэвтэрсний дараа сураггүй болсон юм. Энэ хэргийн дараа түүнийг Консулын газраас амьд гарсан хэмээн албаны төлөөлөгчид мэдээлсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Саудын Арабын Засгийн газраас түүнийг Консулын газарт болсон маргааны үеэр амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм.
Амиа алдсан сэтгүүлчийн цогцос одоог хүртэл олдоогүй бөгөөд сүүлийн үеийн тайланд мэдээлснээр, түүний цогцсыг хүчилд уусгаж, алга болгосон байж магадгүй ажээ.
“Time” сэтгүүлийн мэдээлснээр, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн тушаалаар амиа алдсан гэгдэж буй сэтгүүлчийн үхэл дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж, Саудын Арабын дэглэмийг шүүмжлэхэд хүргэсэн байна.