УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Я.Содбаатарыг чөлөөлж байна гэсэн. Ц.Цогзолмааг нь болохоор огцруулж байна гэж байна.Я.Содбаатар нь ёс зүйн хариуцлагаа үүрч албан тушаалаа өгч байна гэсэн. Гэтэл Ц.Цогзолмаа шударга ёсны төлөө, Монголын төрийн 28 жилийн хугацаанд ард түмний итгэлийг алдахдаа тулсан асуудалд хариуцлага тооцох талд зогсч гарын үсэг зурсан.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар нь ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа өгснөөр чөлөөлж байгаа юм. Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурснаараа Ц.Цогзолмаа танхимын зарчмаар хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа үзсэн. Энэ асуудлаар Ерөнхий сайд Ц.Цогзолмаа сайдтай уулзаж ярилцаж ойлголцсон.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Цогзолмаа сайд яагаад та огцрох болсон гэдгээ тайлбарлана уу?.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Ардчиллын үнэт зүйл бүх хүнд тэгш үйлдэх зарчмаар харагдана. Нэгээс нь өргөдөл аваад, нөгөөхийг нь огцруулж байна. Адилхан л ёс зүйн хариуцлага хүлээж байгаа юм. Тиймээс миний асуудлыг байнгын хорооны гишүүд маань дэмжээрэй. Аль нь зөв буруу байсан нь цаг хугацааны шалгуурт очиж дэнслэгдэнэ. Гоншигоноод байх юм надад байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Эдийн засгийн амаргүй цаг үед, ялангуяа бага насны хүүхэд рүү чиглэсэн Засгийн газрын тогтоолыг гаргуулж багш нарын цалинг нэмүүлсэн. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц бодлого хэрэгжүүлсэн. Үдийн цай хөтөлбөрийн хоолны мөнгийг нэмэгдүүлсэн.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Ц.Цогзолмааг сайдаас огцруулахыг 66.2 хувь нь дэмжлээ.