Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 12 сарын 24-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ.
Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг билээ.
2018 оны Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчид дор дурдсан журамд заасан материалыг бүрдүүлж,12 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагаас өмнө Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газарт ирүүлсэн байх аж.
Өнгөрсөн жил “Шилдэг дуучин”-аар МУГЖ, Монгол төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одонт, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар шалгарсан бол “Биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар Монгол Улсын УГЗ, бурханч лам, Ганхүүгийн Пүрэвбат, Тайз дэлгэцийн шилдэг жүжигчинээр МУГЖ Уртнасангийн Уранчимэг, Шилдэг хөгжимчин шагналыг Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Батбилэгийн Бат-Эрдэнэ, Шилдэг бүжигчин шагналыг Үндэсний урлагийн их театрын бүжигчин Энхтайваны Номин, Тайз дэлгэцийн шилдэг зураачшагналын эзнээр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын тайз заслыг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтаар Гунгаасүхийн Ганбаатар, Тайз дэлгэцийн шилдэг найруулагчаар “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киног ур чадварын өндөр түвшинд бүтээн найруулсан МУСТА, “Фантастик” продакшны ерөнхий найруулагч Бат-Өлзийгийн Тамир нарыг 2017 оны шилдэг уран бүтээлчээр тодруулсан билээ.