Халуун намраар хөллөсөн улс төрийн үйл явдал хөхөө өвлийн хүйтнийг үл ажран дүрэлзэж байна. “МАНАН-гийн” хэмээн цоллуулж байсан 27 гишүүнээс тав нь нүүр буруулж, шударга ёсны талд зогссон нь олны талархалд морилов. Нөгөө талаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар 39 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн нь сонгогч олны дунд нэгэн гэрэл гэгээг асаалаа. Алдарт “60 тэрбум”-ын хэргийг эвлүүлэг хэмээн хоёр жилийн турш гүрийж байсан ч саяхан Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум бол бодит зүйл, эвлүүлэг биш” гэдгийг мэдэгдсэн нь М.Энхболдын сандлыг гурван хөлтэй болгов. Үүнээс гадна УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд түүний Үндсэн хууль зөрчсөн баримтуудыг ч тодорхой дурдаж байна. Улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харахад “Шударга бусын хонгил”-оор олон гэм зэмгүй хүнийг нулимстай нь зуурч, эрх мэдлээ өндөрт өргөсөн Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын МАНАН-гаас Монголын төр нэгэнт салахаар шийджээ гэдэгт итгэж болохоор болжээ.
Сөрөг хүчнээс хүртэл Ж.Батзандан, Л.Болд, З.Нарантуяа нарын гишүүд МАНАН-г сарниах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаагаас харвал М.Энхболдын суудал гурав бус бүр хоёр хөлтэй болж, тогтохын аргагүй нурах нь тодорхой харагдлаа гэхэд ч буруудахааргүй.
Тэгэхээр Монгол Улсын төр одоо л нэг шударга ёсны зам дээр гарч ирэх боломж бүрдэж байна. Гэхдээ Монголын улстөрчид бүгдээрээ МАНАН-гийн эсрэг зогсож чадахгүй байгаа нь харамсалтай. МАН-ын бүлгээс гэхэд Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд МАНАН-г уухайлж, “Шударга бусын хонгил”-д гэм зэмгүй нэгний нулимсыг барах бодлого барьсаар байна. Өнгөрөгч мягмар гаригт МАНАН-г хамгаалагчид хэвлэлийнхэнд хандсан. Энэ үеэр тус хуралдаанд Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын наймхан гишүүн оролцож, сүрийг үзүүлэх гээд чадаагүй, арга ядсан, гэмшсэн, М.Энхболдоосоо залхсан байдал тэднээс илт анзаарагдсан. Эндээс МАНАН-г хамгаалагч 22 нөхрөөс шударга ёсны зам руу эргэж байгаа гишүүн цөөнгүй байна уу гэсэн итгэл төрөхөөр. Сөрөг хүчнээс гэхэд АН-ын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй нөхөд ч Ц.Элбэгдоржийгоо уухайлж, МАНАН-г дэмжиж байгаа ч сонгогч олон, шударга ёсны тал руу хандаж байгаа гишүүд ч сөрөг хүчинд байгаа гэдэг нь ойлгомжтой болж ирээд байна.
Шударга бус зүйлийн үүр уурхай нь МАНАН гэдгийг мэдсээр байж нүдээ анин дэмжиж байгаагийн цаана бас учир шалтгаан бий. Тухайлбал, С.Эрдэнэ 2009 онд Даатгалын сангаас мөнгө завшсан, 2008 оны сонгуулийг будилуулсан хэргээр аавын хаалга татаж, өндөр ял тулгуулчихаад байв. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйдаа ялаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүний тангарагийг нэг жил гаруйн дараа өргүүлж байлаа. Тиймээс С.Эрдэнэ нь Ц.Элбэгдоржоос хаашаа ч хөдөлж чадахгүй МАНАН-гийн эрх ашгийн барьцаанд орчихсон хэрэг.
Улс төрийн өнгөөс харахад, МАН нэгэнт М.Энхболдыг явуулах нь тодорхой боллоо. Одоо АН С.Эрдэнийгээ явуулах цаг нь болсон. АН С.Эрдэнээсээ салаагүй цагт нар өөдөө харахгүй гэдгийг намынх нь гишүүд хүртэл сайтар ойлгох болжээ. Яагаад гэхээр тэр цагийн цагт МАНАН-г өмгөөлсөөр байх болно. МАНАН-г нэгэнт устгах гэж байгаа бол бүгдийг нь зайлуулах хэрэгтэй.
С.Ууганбаяр
www.zindaa.mn