Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өмчлөх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө хахир өвөл Сүхийн талбай дээр “мэндэлсэн” Ардчилсан нам өдгөө хамгийн том шийдвэртэйгээ нүүр тулаад байна. Нэгэн цагт бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог сөрөн зогсч асан Ардчилсан нам одоо МАНАН-гийн эсрэг үү, эерэг үү гэдгээ ард түмэнд харуулах үлдлээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарсан гурван гишүүнтэйгээ хариуцлага тооцож, нийгмийг багагүй бухимдуулав. Энэ намыг Сүхийн талбайд мэндлэх цагаас нь эхлэн хамт байсан Л.Болд гишүүн намаасаа гарснаар Ардчилсан нам бүлэггүй болоход хүрлээ.
АН 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр есүүлээ парламентад сонгогдож, сөрөг хүчин болсон. Сөрөг хүчний үүрэг юу байдаг вэ? Эрх баригчдын бодлогын алдаа, хуулийн завхрал гарвал засч, буруу бүхэнтэй тэмцэхэд оршдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд сөрөг хүчин биш сөрөх хүчин байсаар уджээ. Эрх баригч намд томоохон сорилт болсон энэ парламент сөрөг хүчинд ч маш том сорилт тулгалаа. Энэ нь МАНАН арилгахад сөрөг хүчний оролцоо байх уу гэдэг асуудал.
Үзэл бодол, эрх ашгаасаа зөрсөн хэнийг ч шударга бусын хонгил руугаа түлхэж, хийгээгүй хэргийнх нь төлөө аавын хаалга татуулдаг тогтолцоо үүссэн гэдгийг өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд ил гарч ярьдаг боллоо. Бүр томоохон бизнесмен хүртэл ажлаа бүтээхийн тулд бүлэглэлд мөнгө төлдөг байснаа ч нуусангүй. Товчхондоо олон ургальч үзэлтэй гэж бодож, төрийн жинхэнэ эзэн нь ард түмэн гэж сэтгэж байх хооронд бүлэглэлүүд төрийн дээр зайдалжээ.
Ардчилсан нам өмнө нь эрх баригч хүчин байсан. Гэхдээ энэ цагийн үнэт зүйлийг авчирсан Ардчилсан нам МАНАН-г сарниулах томоохон хүчин болсон нь тодорхой боллоо. Өмнө нь ийм олноороо хэрэгт холбогдож байгаагүй ЖДҮ-чин гишүүд одоо ч гүрийсэн хэвээр байна. Эрх баригч намын гишүүд би, чи, танай, манай гэж толхилцох нь ил цагаандаа гарав. Өмнөх Засгийн газарт багтаж байсан гишүүд нь одоо байгаа засгаа тонгорох гэж мэдэгдэл хийн, улс төрийн албан тушаалаасаа халагдсан УИХ-ын гишүүн үүнийг нь толгойлдог сонин жишиг гол болов. Концесс нь илүү, 60 тэрбум нь илүү, ЖДҮ-г яагаад зээлж болохгүй гэж шилээ маажиж, ширэн нүүрлэж байх хооронд эрх баригчдын рейтинг унасаар 10 хүрэхтэй үгүйтэй хувьд хүрлээ. Ардын намынхан олонх болсноос хойш рейтингээрээ сөрөг хүчнийхнийг гүйцсэнгүй. Эрх мэдлийн төлөө улайран шунасан улстөрчдийн толхилцоон нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ шт” гэдгийг батлах шиг.
“Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдгийг батлах үүрэг одоо Ардчилсан намд иржээ. МАНАН гэдэг чөтгөрийн тойргийг таслах, ирэх сонгуульд амжилттай оролцох, Ардчилсан намын есөн гишүүнийг сонгосон иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх ашгийн эрэмбийг зөв тогтоох эрх нь Ардчилсан намд байна. Магад чингэж гэмээнэ дотроо толхилцоонтой сөрөг хүчнийг нэгтгэх боломжийг атгаж байж ч мэднэ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN