УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг хүсчээ. Хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч даргалдаг.
Албан бичигт “УИХ-ын нэр бүхий 38 гишүүн буюу нийт гишүүдийн тавиас дээш хувь нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1341 тоот албан бичгээр УИХ-ын дарга М.Энхболдыг тодорхой үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа УИХ-ын даргад хүргүүлээд байна.
1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж төрийн эрх барих дээд байгууллага бол Монгол Улсын Их хурал мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгалдана гэж хуульчилснаас хойш байнгын ажиллагаатай Парламентьн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж
ирсэн билээ.
УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын чуулганын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд оролцох боломжгүй болсноор УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах, даргалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болж УИХ, Байнгын хороод цаашлаад Монгол төрийн хэвийн үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Та үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн даруй хуралдуулж зохих арга хэмжээ авна уу” гэжээ.