УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзжээ. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж”УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа албан тушаалаа өгч, “60 тэрбум”-ын хэргээр шалгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд М.Энхболдыг УИХ-ын дарга болсноос хойш төрийн албан тушаалыг зарж байгаа талаар АН-ын бүлэг хүчтэй шүүмжилж ирсэн. Харин Ерөнхий сайдыг Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл, АН-ын бүлэг УИХ-ыг тараах байр суурин дээр бат байх болно” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж”УИХ-ын дарга М.Энхболд хуулийн заалт дагахгүйгээр ёс зүйн хувьд Монгол Улсын төр, ард түмнийг хүндэтгэж парламентын үйл ажиллагааг цааш хэвийн явуулах боломжийг нь олгож сайн дураараа чөлөөлөгдөх эрхээ өгөх нь ёс зүйн хувьд зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ ингэж чадахгүй УИХ өөрөө хариуцлагагүй ажиллах юм бол тарах тухай асуудлаа авч хэлэлц гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч тавьсан” гэлээ.