
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, дархан аварга Х. Баянмөнх нар өнөөдөр уулзаж зөвшилцөлд хүрсэн байна.Тус уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран байгуулж хамтран ажиллахаар болжээ.
Энэ тухай Дархан аварга Х.Баянмөнх “Бөх сонирхогчид бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээж байна. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр шийдэх хэрэгтэй болж байна. Өнөөдөр хоёулаа ярилцъя. Шүүхээр явдаг асуудал нь явж байг. Бөхийн өргөөг нээж, барилдааныг хийе. Бөхчүүдийн түр зөвлөл байгуулъя. Энэ асуудал дээр эвлэрээд санал нэгдэж байгаад би баяртай байна. Би энэ тавьсан саналыг зөвшөөрч байна. Олон нийт болон цагдаагийн байгууллага нь дэмжих байх. Өнөө орой хоёулаа тамирчдын шагнал гардуулах “Бөртэ чоно” арга хэмжээн дээр уулзахдаа Өргөөгөө нээчихсэн уулзвал сайхан байна” гэжээ.
Харин Б.Бат-Эрдэнэ“Олон түмний хүсэлд нийцүүлээд Бөхийн өргөөгөө нээх тал дээр санал нэгдэж байгаад баяртай байна. Та бид хоёр бөхийн дэвжээнд ах, дүүс шиг явлаа. Одоо Өргөөний хаалга үүдийг өшиглөх, мөн эвгүй байдал гаргаад байдаг зүйлийг болиулах хэрэгтэй байна. Хоёулаа энэ холбооныхоо тэргүүнд сууж байгаагийн хувьд энэ асуудлыг нааштай шийдэж, шийдвэр гаргая” гэв.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл