Б.Одонхүү: Хураасан буудайгаа спиртийн үйлдвэрүүдэд нийлүүлэхгүй

1_1377654800 ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.

-Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?
-Үр тарианы хураалт энэ сарын 8-ны мэдээгээр 72 хувьтай байна. Төмснийх 90 хувь байгаа бол хүнсний ногоогоо хураагаад дууслаа. 100 орчим га-д тарьдаг компаниуд төмсөө хурааж дуусаагүй байна. Харин үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүд буудайгаа хураагаад дууссан. Комбайнгүй, 100 хүрэхгүй га талбайд тариалдаг жижиг аж ахуйн нэгж, иргэд тариагаа хураагаагүй үлдсэн. Тэдний нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байна. Тиймээс том компаниудын комбайныг жижиг талбайтай хүмүүст ашиглуулах зохицуулалтыг Төв, Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрынхан хийж байгаа.

-Ирэх 12-нд цаг агаар хүйтэрч, ихэнх нутгаар цас орох төлөвтэй байгааг Ус, цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлсэн. Цас орохоос өмнө үлдсэн тариагаа хурааж амжих уу?

-Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт тариа хураах ажил дуусаж байгаа. Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд дуусаагүй байна. Цас орж болзошгүй тул шалавхан хурааж дуусгах чиглэл өгсөн. Бүгдийг нь биш юм гэхэд ангилан хадаж хэвтүүлсэн тариагаа хурааж дуусгах хэрэгтэй.

-Энэ жил хэдэн тонн буудай хурааж авах төлөвтэй байсан бэ? Сэлэнгэ аймаг гэхэд төлөвлөснөөсөө 20 мянган тонноор бага буудай хураана гэж байна.
-Ургацын урьдчилсан балансаар 404 мянган тонн үр тариа хураана гэж тооцсон. Есдүгээр сард ургац хураахад бүхэлдээ тааламжгүй байлаа. Нэг, хоёр хоног өнжөөд л бороо орж байсан. Хоёр ч удаа цас орлоо. Цаг агаарын тааламжгүй байдал ургацын хаягдал, алдагдлыг ихэсгэлээ. Одоогийн байдлаар ургац хураалт урьдчилсан баланст тооцсоноос 7-8 хувиар багассан үзүүлэлт гараад байна. Хойшид цаг агаараас шалтгаалж хэрхэхийг мэдэхгүй.

7a08d7aefa15005a9b4297d38f0a1c7b.png
-Хур ихтэй зун байсан учраас чийгтэй, цавуулаг багатай буудай хурааж, ус даадаггүй гурил үйлдвэрлэх нь гэж таамаглаж байсан. Буудайн чанар хэр байна вэ? 
-Буудайн чанар өнгөрсөн жилийнхээс сайн байгаа. Гурилын үйлдвэрүүдийн худалдан авсан буудайн ихэнх нь 22-23 хувийн цавуулагтай байна гэнэ. Гэхдээ цавуулгийн хувь нь тариан талбай бүрт өөр өөр байгаа нь мэдээж. 19 хувийн цавуулагтай буудай ч гарсан байна лээ.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ жил хэдэн тонн буудай нөөцлөх вэ?
-Тус сан 146 мянган тонн буудай хадгалах агуулахтай. 110 мянган тонн буудай худалдан авах боломж бий. Тариалан эрхлэгчдэд техник хэрэгсэл, шатахуун олгосон авлагадаа 70 орчим мянган тонн буудай авах юм. Авлагадаа авах буудайгаа тонныг нь 320 мянган төгрөгөөр тооцно.

-Сангийн өнгөрсөн жил худалдаж авсан буудайн үлдэгдэл хэд орчим тонн байгаа вэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнгөрсөн жил 110 мянган тонн буудай нөөцөлсөн. Үүнээс энэ оны зун, намар гурилын үйлдвэрүүдэд борлуулаад 7-8 мянган тонн л үлдсэн.

-Манай улс өнгөрсөн жил 100 мянган тонн буудай экспортлох тухай ярьж байсан. Энэ жил буудай экспортлох яриа хэлэлцээ үргэлжлэх болов уу?

-Өнгөрсөн жил буудай экспортлох боломж байсан. Гэвч буудайн чанар бүхэлдээ муу байснаас шалтгаалаад хятадуудтай хийсэн хэлэлцээр амжилтгүй болсон. Энэ жилийн хувьд буудай экспортлох тухай яриа байхгүй. Учир нь дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний буудай хураах баланстай.

-Манай улс жилдээ хэдэн тонн буудай хэрэглэдэг вэ?
-320 мянган тонн буудай хэрэглэдэг.

-Энэ жил ургацын хэмжээ буурсан ч эх орныхоо хэрэгцээг бүрэн хангана гэж ойлгож болох уу?
-Эх орныхоо хэрэгцээг хангах буудай авахын тулд хорогдолгүй хураах бүх арга хэмжээг авч байна. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний буудай хурааж байгаа учраас спиртийн биш, гурилын үйлдвэрт борлуулах бодлого барьж ажиллана. Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийгтэй буудай авч хатааж стандартад нийцүүлэх түр журам гаргаад байгаа. Чийгтэй буудай гээд буцаавал тариаланчид спиртийн үйлдвэрт худалдчихна. Буудайн чанар сайн байгаа учраас гурилын үйлдвэрийнхэнд худалдаж авах сонирхол их байгаа. Үйлдвэрүүдийн буудайн нөөц ч барагдсан. Өнгөрсөн жил буудайн чанар муу байсан учраас гурилын үйлдвэрүүд худалдан авах сонирхолгүй байсан юм.

Т.Энхбат

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …