Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр 48 цагийн дотор огцрох шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гарагийн 11:00 цаг гэхэд огцрохгүй бол “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
Улсын их хурлын гишүүн Т.Аюурсайхан“УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардсаар сар орчмын хугацаа өнгөрч байна. Бид хуулийн дагуу огцруулах шаардлагыг тавьсан. Ажлыг зөвхөн хариуцлагатай хүн хийдэг байх ёстой. УИХ-ын дарга М.Энхболдоос ёс зүйн хариуцлагыг бид шаардсаар байна. М.Энхболдыг огцруулахын тулд нэр бүхий УИХ-ын 40 гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчмын хугацаанд төрийн ажил гацаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, эсвэл бүхэл бүтэн төрийн удирдах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа саарах ёстой юу. УИХ-ын дарга албан үүргээсээ чөлөөлөгддөг хуультай. Бид энэ хуулийнх нь дагуу шаардлага тавьж байгаа. Арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж бидний нэр бүхий гишүүд МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт олон төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд, иргэд идэвхтэй оролцсон. Хэлэлцүүлгээс гарсан уриалга, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. 48 цагийн дотор өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардсан. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулахаа мэдэгдэж байна. Жагсаалд 100 гаруй ТББ, нэгдэл , хөдөлгөөн, иргэдийн төлөөлөл дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурсан” гэлээ.