УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэв

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Өнөөдөр хуралдсан Байнгын хорооны хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлэв.

Тэрбээр:Монгол Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх 2 төрлийн дэг бий.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.3-10.7-д заасан дэг байна.

Энэхүү дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Үүнд:

–       Нас барсан;

–       Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;

–       Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;

–       Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;

–       Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.

Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр УИХ-ын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна.

Энэ талаар УИХ-ын даргад хариуг нь өгнө. Асуудлыг хэлэлцэх асуудлаас хаслаа гэв.

Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, чөлөөлөх хууль заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзээд асуудлыг хэлэлцсэнгүй.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …