Хятадад Мао Зэдуны мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэж байна

БНХАУ-ын үндэсний хөгжлийн үзэл санаа, орчин үеийн үзэл суртал бүрэлдэн бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн томоохон зүтгэлтэн Мао Зэдуны мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэж байна.

Чухам “агуу их жолоодогч”-ийн хувьсгалын үе нь суут шинэчлэгч Дэн Сяопины үеийг үр өгөөжтэй эдийн засагтай нийгэм болгон өөрчлөн хувиргах, мөн нээлттэй байдлын эрин үеийн бат бэх үндэс суурийг тавих боломж олгосон гэж Хятадын болон гадаадын улстөрчид үздэг ажээ.
Мао Зэдуны төрөлх Шаошань хот /төв Хунань муж/ өмнөх жилүүдийн адил XX зууны хамгийн алдартай хүмүүсийн нэгд тооцогддог хүний мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр цуглах хүмүүс болон олон тооны жуулчдыг хүлээн авахад бэлдэж байна. Олон нийтийн дунд дэг журмыг сахиулахын тулд хотын захиргаанаас ойг тэмдэглэхээс хоёр хоногийн өмнө Маотой холбоотой түүхэн дурсгалт газруудыг үзэх журмын жагсаалтыг нийтэлжээ. Хүрэлцэн ирсэн зочдод зориулж, хүсвэл түүний хөшөөнд тавьж болох үнэгүй цэцгийн баглаануудыг бэлдсэн байна. Үүний зэрэгцээгээр Хятадад эрт үеэс нас барагсдад буян үйлдэх уламжлалд ашигладаг арц хүж уугиулах, дурсгалын мөнгө тавих болон петард буудуулахыг хоригложээ.
 
Мао Зэдуны мэндэлсэн өдөрт зориулж, Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Хятадын зарим газруудад сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах бөгөөд яг нэг жил буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Энэ бүх арга хэмжээг хотын хороод, олон нийтийн янз бүрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр улс төрийн ажилтнуудыг бэлтгэх, хүмүүжүүлэх байгууллагуудын шууд оролцоотойгоор зохион байгуулж байгаа аж.
 
Ревизионист буюу Марксизм-Ленинизмийн үзлийг дахин хянаж, өөрчлөхийг эрмэлздэг засварлах үзлийг дарахын тулд, мөн улс оронд капитализмыг сэргээн босгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Мао Зэдуны эхлүүлсэн соёлын хувьсгалын он жилүүдийг /1966-1976/ хятадууд дурсан санадаг. Үзэл суртал-улс төрийн энэ кампанит ажил нь том хэмжээний хэлмэгдүүлэлтийг эхлүүлж, сэхээтнүүд хавчлага шахалтад өртөх болж, Хятадын ард түмний боловсрол, соёлд ихээхэн хохирол учруулжээ.
 
Гэсэн хэдий ч БНХАУ-д ерөнхийдөө Мао Зэдуны хийсэн зүйлийг 70 орчим хувь нь орчин үеийн ололт амжилтын үндэс суурийг тавьсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эерэг үйлдэл гэж үздэг байна. Чухам “агуу их жолоодогч” Хятадын цэргийн хүчийг бэхжүүлэх болон аж үйлдвэржих үйл явцыг эрчимжүүлж, АНУ-тай ойртох бодлогыг эхлүүлсэн нь цаашид зах зээлийн эдийн засагтай БНХАУ үүсэн байгуулагдах үйл явцыг түргэтгэсэн гэж үздэг аж.
 
Хятадууд улс орныхоо хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан өнгөрсөн үеийн удирдагчид болон агуу зүтгэлтнүүдийг шүүмжилдэггүй эртний уламжлалтай. Үүнээс гадна, эдийн засгийн тэнцвэртэй өсөлт, нийгмийн тэгш байдлын зэрэг Маогийн хэд хэдэн үзэл санаа одоо ч чухалд тооцогдсон хэвээр байна. Чухамдаа эдгээр хүчин зүйл нь зөвхөн Хятад улсад төдийгүй өөр бусад орны төрийн байгуулалтын амжилтын үндэс суурь болдог билээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …