Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 12 минутад эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлт гаргасныг онцлоод энэ талаарх МАН-ын бүлгийн байр суурийг сонслоо.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ, өчигдөр гишүүдийн ирц хүрээгүй учраас бүлэг хуралдаж чадсангүй. Гишүүдийн зарим нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир ээлжит хуваарийн дагуу Даваа гарагт намын бүлгийн хуралдаан болно гэдгийг дурдаад, ирэх долоо хоногийн нэг дэх өдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулах санал гаргалаа.
Ингээд өнөөдрийн чуулганы хуралдааныг хааж, УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр”Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Энэ талаарх хариу бичгийг би гишүүдэд хүргүүлсэн.
Мөн өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-ын Тамгын газар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хянан үзсэн. Ингээд өнөөдөр өглөө Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах энэ зүйл, заалт дээр нэмэлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Би хүлээж авсан. Энэ төслийг би ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд цохож шилжүүлсэн. Энэ асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэсний дараа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу энэ асуудлаа хэлэлцэж, ярина” гэв.