УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг удаа дараа шаардаж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар энэ сарын 10-ны өдөр “МАНАН дэглэмийг эсрэг бүх ард түмний жагсаал”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах болсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:УИХ-ын нэр бүхий 40 гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын даргаас шаардаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн сарын 27-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулсан. Үүнд 150 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон.Бид нэгдүгээр сарын 10-нд зохион байгуулах жагсаалын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах болно.УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан жагсаал Улаанбаатар хот болон 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхэлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Нохой жилд эхлүүлсэн тэмцэл гахай жилд ялалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. МАНАН дэглэм Манжийн хааны татвараас их татварыг, мөлжлөгийг монголчуудаас авч байна. Ганц хүнийг унагаагаад юу өөрчлөгдөх юм гэж байсан. Манжийн дэглэмийг нураахын тулд эхлээд Манжийн амбанг хөөж явуулсан. Амбаныг нь хөөж явуулахгүйгээр манжийн дэглэм нурахгүй байсан. Тогтолцоог хамгаалж байгаа дарга нарыг нэн тэргүүнд зайлуулах ёстой. Бид МАНАН дэглэмд сануулга өгсөн. Одоо хариуцлагатай жагсаал байх болно. Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана.
УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ:Өвлийн хүйтэнд жагссан хүмүүсийг зохион байгуулалттай ирсэн байна, зузаан хувцас өмссөн учир олон болсон байна гэж гүтгэж болохгүй. Бид энэ бүлэглэлийг зогсоохоос өөр гарц байхгүй болж байна. Улс төрийн тогтвортой байдал, төслийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Харамсалтай нь ард түмнийг цагаан цаас гэж бодож, жагсаалыг мөнгөөр хийж байна гэж итгэсэн нөхцөл байдлаасаа гарахгүй байгаа учраас бид дахин жагсаал хийх гэж байна. Бид олон улсын байгууллагад хүртэл мэдэгдэнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд:Өвлийн хувцастай 3,000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс тараад явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ. 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэхдээ энэ сарын 10-нд өлсгөлөн зарлах хурц хэлбэр рүү орохгүй.