Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.
Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр өгөөжийг нь иргэд хүртдэг байх ёстой гэсэн үг.
Харин үүний эсрэг буюу хариуцлагагүй байвал хатуу тэмцэж, хуулийн байгууллагад ч шилжүүлнэ. Газрын баялаг бол ард түмний өмч. Энэ өмчийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Хамгийн гол нь ард түмний өмчийг зүй ёсоор ашигладаггүй, хууль зөрчдөг, үр ашиггүй, өгөөжгүй байгаа газруудад хариуцлага тооцож ажиллаж байна.
Цаашид хэл амнаас айж, шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй бол өнгөрсөн 27 жил шиг урсгалаараа явах болно. Монгол Улсын Засгийн газар хуульчид, хуулийн байгууллагын нотолгоо, баримт бичигт үндэслэн хуулийн хүрээнд ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээсэн ордуудыг төрийн мэдэлд буцааж авч байгаа. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж гомдолтой гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Үнэн зөвийг шүүх шийднэ” гэв.