УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг хэлэлцлээ.Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Энэ хуулийн төсөл бол өнөөдрийн системийн гажуудлыг засах ганц арга юм. Энэ төрийн гацаа сүүлийн нэг жил гэнэт үүсчихсэн асуудал биш. Сүүлийн 27 жилийн гажуудлын нөлөөгөөр бий болсон. Харин үүнийг зарим гишүүн ойлгож УИХ-ыг тараах тухай асуудлыг ч хөндөж байгаа. Монгол төрийн гацааг дурдвал олон бий.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль магадгүй эмчилгээний нэг хэлбэр байж магадгүй. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд бүх зүйл хэвэндээ орно гэж бодохгүй байна. Монголын төрийн ажлыг гацаанд оруулж байхаар эрх баригч намын гишүүд УИХ-ыг тараахад гарын үсгээ зурцгаа. Харин УИХ тарахаасаа өмнө Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суварга,бусад ордуудыг ард түмэнд авч өгчхөөд тарна шүү.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль үндсэн хуультай бүрэн нийцэж байгаа. Хэрэв парламентийн үйл ажиллагаа ингэж гацаагүй байсан бол Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлахгүй байсан.
Үүний дараа Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжих эсэх санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн хуралдах юм.