“Утгын чимэг-22” наадмын 3-байрын өгүүллэг: “Булангийн зогсоол”

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 8-ны өдөр Хүүхдийн ордонд боллоо. МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхацсан, 22 дахь удаагийн энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлэв.

МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ дэд байрт, зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгээрээ гутгаар байрт шалгарлаа.

Гутгаар байрт шалгарсан зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгийг хүргэж байна.

БУЛАНГИЙН ЗОГСООЛ

Сувилагч бүсгүй, асрагч эмэгтэй хоёр Должинг өргөн тэргэнцэр дээр нь суулгаж, өрөөний булан руу түлхээд, өнгөө алдаж гандсан ор дэрнийх нь даавууг хальт тэнийлгэх аядан, хуучин муу бүтээлгээр бүтээж орхиод гарч одлоо. Ахмад настнуудын асрамжийн газар нэртэй намхан цагаан байрны умгар жижигхэн өрөөний яг энэ буланд Должин найман жилийг тэргэнцэр дээр өнгөрөөжээ. Тэглээ гээд тэр хэзээ ч хэнд ч гомдол гаргаж байсангүй.

Дөнгөж мэдээ орж байсан дүрсгүй жаахан охин согтуу, орилж загнах ааваасаа айж авдрын булангийн цаагуур нуугдахдаа л булан бол хамгийн аюулгүй газар юм гэдгийг анх ойлгосон. Тэгээд архинд дуртай, авир чангатай хойд эцгээсээ нуугдаж, аль нэгэн буланд хумсаа хэмлэн ганцаараа суудаг болжээ. Сурагч болсныхоо дараа дэггүйтсэн хүүхдүүдийг шугамаар хайр найргүй цохиж, загнаж, зандрах багшаасаа айхдаа булан бараадан чимээгүйхэн нугдайн суудаг байлаа. Буланд л сууж байвал хэн нэгний харцнаас, бас аюул заналаас хол байх юм байна гэсэн бодол тэр үеэс Должингийн тархи оюунд бат нот суусан. Хэний ч нүдэнд үл өртөх, хэнтэй ч нээлттэй чөлөөтэй эс харилцах, доожоогүй, учир битүүлэг охин булан бараадан арван жил суусан.

Түүнд онцгой дурсамж гэж байсангүй. Баярлан хөөрөх хүүхдүүд, уярч, догдлох охид, анхны хайрын тухай хөнгөхөн санаашрал, хүүхэд насны баяр баясгалан бүхнийг тэрээр чимээгүйхэн булангаас харж суусаар сургуулиа төгсөв. Царай зүсээр хэний ч анхаарлыг үл татах, хэнтэй ч үл ярих булангийн охинд мөрөөдөл асар их мөрөөдөл байсан. Харин тэр мөрөөдөлдөө хүрэх тухай хэзээ ч бодож байсангүй. Өнөөх сайхан мөрөөдлүүд нь түүний хүүхэд настай хамт буланд шингэн хоцорсон. Тэр сургуулиа төгсөөд хүнсний үйлдвэрт туслах ажилчин болж, өрөөний буланд чимээгүйхэн суугаад гурилан боов савладаг болжээ. Должин хэзээ ч бусад хүүхнүүд шиг гоёж гангалахыг чухалчилж байсангүй. Найр наадам, зугаа цэнгэлээс үргэлж хол явж ирсэн. Хэнтэй ч үл нөхөрлөх, хэн нэгэнд хэзээ ч үл гомдоллох бүсгүй булангийн тэр л сандал дээр суусаар бараг гуч шахам жилийг өнгөрүүлсэн. Тэрээр гялалзсан хар нүдтэй, сэргэлэн бор залууг хараад сэтгэл нь хөвсөлзөн зүрх нь хүчтэй хүчтэй цохилдог, зарим шөнө түүнийг зүүдэлдэг байсан.

Гэвч түүний хайр сэтгэл өнөөх л булангийн ширээн дээр үлдсэн байлаа. Өмч хувьчлал, зах зээл, ажилгүйдэл гээд шуурга мэт оволзсон олон үйл явдлыг Должин гэртээ, жижигхэн байшингийнхаа буланд суун ноосон оймс нэхсээр өнгөрүүлжээ. Нэхсэн оймсоо зах дээр бараа зардаг бүсгүйд өгөөд цөөхөн төгрөг авна. Түүнд зүсэм талх, үмх мах, данх ус, атга будаа, тэвэр түлээ байхад л хангалттай. Тэр ингэж л амьдарсан. Харж хандах хүнгүй ганц бие түүний хараа эрс муудаж, гэрээс гарч чадахгүй болоход Хорооны дарга хэл амтай цагаан авгай дээгүүр доогуур хөөцөлдөж байж энэ асрамжийн газарт авчирч өгөхөд нь бас л өрөөний булан бараадсаар өдий хүрчээ.

Должин туулж өнгөрүүлсэн амьдралаа анх удаа дүгнэж, цэгнэж үзэв. “Харанхуй буланд нуугдсан хямдхан амьдрал” гэдгээс өөр тохирох үг түүнд олдсонгүй. Нялх багын гашуун дурсамж, сурагч үеийн чимээгүй амьдрал, хэтэрхий үнэгүйдэж хоцорсон залуу нас, төсөрхөн цалингаас өөр юм үнэндээ түүнд байсангүй. Гэхдээ шунал, хүсэл, мөрөөдөл, тэмцэл байгаагүй учраас зовж шаналж үзсэнгүй. Бас хэзээ ч, хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж явсангүй. Хайр гэгчийг мэдэхгүй болохоор хэн нэгнийг хайрлахын жаргал, зовлонг ч мэдэхгүй өнөөдөртэй золгосон.

Анх удаагаа л тэрээр өөрийгөө харааж зүхмээр, өөртөө гомдон уйлмаар санагдаж, өнөөх л айдасгүй, амар амгалан булангаас зугатахыг хүсэв. Яагаад ийм аймхай, бас итгэлгүй, зүтгэл тэмцэлгүй амьдарсныхаа учрыг ухахыг оролдов. Жараад жилийн тэртээ харанхуй шөнөөр согтуурхан агсамнах хойд эцгийн зүрх зүсэм авир хөөрхий охиныг авдрын булан руу шидэж, тэр цагаас хойш Должин бүхий л насаараа намагт шигдсэн аятай буланд нуугдаж үлдсэнээ сая ойлгож эхэллээ. Бүх насаар нь барьж хорьсон өнөөх булангаас гарахаар Должин анх удаагаа зориг шулуудав. Тэрээр тэргэнцрээ хөдөлгөх гэтэл дугуйг нь шалтай хадсан аятай хөдөлж өгсөнгүй. Олон жил хөдөлгөөнгүй суусаар хөшиж, чулуужсан хүнд бие нь түүнд саад болж, зүгээр л буландаа сууж байхыг тархи нь сануулсан ч Должин анх удаагаа зүрх сэтгэлээ сонсож, булангаас гарах хүсэлдээ хөтлөгдөн урагш зүтгэлээ. Хэн нэгний хувьд өчүүхэн байж болох ч түүнд бол ахадсан хүсэл байв. Тэргэнцрээ хөдөлгөж чадаагүй эмгэн суудлаасаа яаж ийгээд буухаар шийджээ. Эвгүй л хөдөлбөл шалан дээр чанга унахаа тэр мэдэж байлаа. Гэвч амьдралдаа анх удаа унах, сөхрөхөөс айлгүйгээр урагш зүтгэв.

Тархийх чимээ гарч, хатуу шалан дээр хэвтэж байгаагаа Должин мэдээд инээмсэглэв. Тэр алдаа гаргахаас дандаа эмээж явсан. Унахаас айсан. Тэгээд унаагүй ч, бас өгсөөгүй, өнөөх л буландаа үлдсэн гэдгээ бодсоор Должин өрөөний гол руу зүтгэж эхэллээ. Мэдээгүй болж хөшсөн хөл, гар нь саад болж, хүч тамир нь барагдаж, хөлс нь ус мэт урсавч эмгэн урагш зүтгэсээр байлаа. Тэр эхлээд босох гэж, дараа нь мөлхөх гэж эцэст нь өнхрөх гэж оролдов.

…Нар аль хэдийнээ жаргаж, шөнө хаяалсан хойно сувилагч бүсгүй түүнийг оронд нь хэвтүүлэхээр орж ирээд эмгэн тэргэнцэр дээрээсээ унаж, нас нөгчсөнийг олж харжээ. Хайхрамж муутай сувилагч бүсгүй анх удаагаа түүнийг өрөвдөн “Өрөөний булангаас гол руу хүртэл зүтгэсэн байна. Амь нь тэмцэн, их л хүч гаргаж дээ” хэмээн боджээ.
Ийнхүү бүх насаараа булан бараадаж, айдаст хүлэгдэж суусаар насыг элээсэн эмгэн өөрийнхөө хямдхан амьдралын эсрэг сүүлчийн удаа тэмцэж, тэр том тэмцэлдээ ялалт байгуулаад хорвоогоос буцсан гэдгийг хэн ч ойлголгүй өнгөрчээ.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …