Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2019.01.17/ 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан саналуудыг төсөлд тусган хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Хаянхярваа нар Байнгын хорооны дарга болон хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос асуулт асууж тодруулан хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар үүссэн нөхцөл байдлыг харгалзаад хуулийн төслийг аль болох шуурхай хэлэлцэж шийдвэрлэхэд гишүүд анхаарч байгаа, иймээс нэг талаас хуулийн зөрчилд орохгүй байх, нөгөө талаас итгэлцэл ойлголцлоо бодолцоод хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан дэгийн хуулийн заалтаа мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Тиймээс Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдээс гаргасан санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн тул энэ саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …