Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өргөн барилаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулах шаардлагатай гэж байна.
Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид одоо чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг тогтоолыг өнөөдөр хэлэлцэх горимын санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол өнөөдрийн чуулганыг “бойкотлох” нөхцөл үүснэ” гэв.
Одоогийн байдлаар УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа орон нутагт томилолттой байгаа учраас үдээс хойш ирж гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлсэн байна.