Цагдаа гэж тийм ч таатай үг биш. Цаг, цагд, цагдаа(рай) гэсэн утгатай л даа. Дэлхийн улс орнуудад цагдаа гэдэг үг нь ихэвчлэн сэргийлэх, дохио гэсэн үгнээс гаралтай байдаг.
Харин манайд гэмт хэргээс сэргийлж, дохио өгөх үүрэгтэй тэдгээр хүмүүс нь ард түмнээ цагддаг. Үүнийг нь мэргэжлийн нэршилд нь хүртэл нэвт шингээжээ.
Цагдаагийн байгууллага анх “Арван тавны цагдаа”-гаас сууриа тавьсан ч явцын дунд сэргийлэх цэрэг, цагдан сэргийлэх байгууллага, Улсын цагдан сэргийлэх газар гэсэн нэртэй байв. Тэр үед цагдаа нарыг сэргийлэгч гэдэг байсансан.
Яалтгүй ч мэргэжлийн нэртэйгээ уялдаад сэргийлэгч нийгэм, ард түмнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулдаг байж.
Харин одоо сэргийлэгч байх ёстой цагдаа нар тэр тал дээр ажиллахдаа маруухан. Гэмт хэрэг гарсан хойно сүр бараатай очдог, иргэдийг цагддаг. Цагдаарай нэрэндээ үнэмшсэн хүмүүс байдаг.
Тухайн хүний хийж гүйцэтгэдэг ажил, мэргэжлийн нэршилтэйгээ уялдаж байх учиртай.
Сэтгүүлч мэргэжил байна. Сэтгэ, сэтгүүр, сэтгүүрч (сэтгүүлч). Бас аврагч байна. Ав, авар, аврагч. Барь, барилга, барилгачин. Тарь, тариа, тариалан, тариаланч гээд мэргэжлийн нэршил нь хүртэл тухайн хүнийг чухам юу хийдгийг илтгэх мэт. Гэтэл цагдаа гэх хүмүүс юу хийдэг вэ. Ард иргэдээ цагддаг л гэж ойлгогдохоор. Ингэхээр цагдаа гэдэг энэ үгэнд тэгтлээ дурлаад байх шалтгаан алга. Цагдаа нарыг сэргийлэгч гэдэг болчихвол дуудахад ч зөөлхөн сонсогдох юм.
Д.ГАНСАРУУЛ
Эхсурвалж: Gogo.mn