Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013.05.29/ хуралдан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан дагалдах Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нар хуулийн төслийн 3.1.5 дахь заалтын “террорист этгээд” гэснийг “террорист хүн” өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Мөн гишүүдийн гаргасан 6.1.4 дэх заалтад “Тагнуулын байгууллагын” гэснийг “Тагнуулын ерөнхий газар” гэж өөрчлөх саналыг хэлэлцээд “Тагнуулын байгууллагын” гэснийг “терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага” гэж өөрчлөхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлт, саналын томъёоллыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.