Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв.
Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Е/03 тоот албан бичгээр Улсын Их Хурлын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.
Төрийн эрх барих дээд байгууллагын үр дүн муутай үйл ажиллагаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, шалтгаан нь болох тул алдагдсан цаг хугацааг нөхөж улс орон, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа шийдэл хүлээсэн асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм.
Иргэд, олон нийт эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.
Үүний хүрээнд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх санал, шаардлагыг мөн гаргаад байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна.
Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.