Т.Баасанцогт: Намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун,Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон тогтоол гаргаад билээ.

Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогтоос тодрууллаа.

-С.Мөнхчулуун гишүүн өөрөө ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Өмнө нь С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэсэн хүмүүс яг үүнтэй адил намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг бас заалнаас нэр дэвшиж гарч ирсэн. Энэ хүмүүстэйгээ хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?

-Ерөөсөө л ийм байдал газар авах хандлагатай болчихсон байсан. Намын бодлого гээд гаргадаг. Цөөнхөө хүндэтгээд олонхоороо шийддэг. Гэтэл олонхоороо шийдвэрлэсэн шийдвэрийг ерөөсөө хүндэтгэхгүй, хувь хүн, хувь гишүүн өөрсдийнхөө үзэл бодлыг намд, нийгэмд тулгаж намын бодлогын эсрэг ингэж явж, гарч ирж байсан учраас нам үүн дээр онцгой анхаарал хандуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Хэрвээ ийм л байх юм бол нам  гэж байхын хэрэггүй болчихож байна. Намын Удирдах зөвлөл, намын бодлого, намын дүрэм гэж байхын хэрэггүй болчихож байгаа юм. Дур дураараа л авирлаад байх юм болно шүү дээ. Ийм байж болохгүй. Нэгэнт МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн бол намын дүрэмдээ захирагдах ёстой. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэрийг бүгд дагаж хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс намын дүрэмд оны сүүлд хуралдсан Бага хурлын III хуралдаанаас өөрчлөлт оруулсан.

Дээрх байдлыг таслан зогсоох шийдвэр гаргасан. Намын бодлого, тэр тусмаа намын дүрмийг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцох механизмыг л маш тодорхой болгож өгсөн гэсэн үг. Энэ механизм бүрдсэнээс хойш гарсан хамгийн анхны тохиолдол нь С.Мөнхчулуун юм. Дүрмийн өөрчлөлт мэдээж эргэж буцаж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхэд бүртгэгдэхээс өмнө гарсан тэр зөрчлүүд дээр энэ асуудал яригдахгүй байгаа учраас С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын асуудал энд хөндөгдөхгүй. Нэгэнт бид Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн өдрөөс хойш намынхаа дүрэмд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах үүднээс ХЕХ, Ёс зүйн хорооны дүгнэлтийг авч хэлэлцээд шийдвэрлэсэн. Зарим хүмүүс намын дотоод ардчиллыг үгүй хийлээ гэж байна билээ. Намын дотоод ардчилал гэдэг нь хүн бүр дур зоргоороо аашлах явдал биш юм. С.Мөнхчулууны нэр дэвшүүлэх явц нь Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал дээр ч нээлттэй байсан. Удирдах зөвлөлийн хурал дээр ч нээлттэй байлаа. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ч нээлттэй байсан. Гэтэл эдгээр хурал дээр цөөнх болсон нөхдүүд болон АН-ын гишүүдтэй нийлж ИТХ-ын хуралдаан дээр нэр дэвшүүлсэн явдал нь намын дүрмийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Цаашид ч намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …