“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрбээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой болж байгаа нь хамгийн чухал гээд “Монголын зэс” корпорацийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр тайлбарласан юм.
Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” корпораци хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт бас тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгааг ч тодотгосон. Энэ талаар, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах 23-р тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс зөрчилгүй гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл “Монголын зэс” корпораци шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан.
Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпораци хоорондоо хамааралгүй гэсэн заалт. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үед болсон Засгийн газрын хурал дээр нэр бүхий хүмүүс хэлж байсан байна гэлээ.