Гариг хэмээх амжилт бүтээлтэй яваа нэгэн бизнесмен эр өөрийн үзэсгэлэнт эхнэр Од болон найзуудын хамт хөдөө аялж явна.Энэ үеэр Гариг зугаа цэнгэлээ хэтрүүлж архиныхаа халуунд эхнэрээ аяны машины жолоочтойгоо хардаж эзгүй хээр орхин явснаар киноны үйл явдал өрнөнө. Энэ бол “Хувьсгал” продакшны 20 жилийн ойн хүрээнд бүтээсэн дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” юм.
“Тэнгэрээс буусан од” киноны нээлт өчигдөр /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.
Киноны ерөнхий найруулагч МУГЖ У.Уранчимэг“Найруулагчийн хувьд үзэгчдэд гурваас дөрвөн гүн гүнзгий санаа өгүүлэхийг зорьсон. Сүүлийн үед гэр бүлийн салалт их болсон. Өмнө нь ямар нэгэн хүнд асуудлаас шалтгаалж гэр бүл салдаг байсан бол, харин одоо залуучууд энгийн ахуйн бэрхшээл, тулга тойрсон хэрүүлээс болж бүхэл бүтэн босгосон амьдралаа нурааж байна. Залуучууд “Тэнгэрээс буусан од” киног үзээд энгийн саад бэрхшээлээс болж босгосон амьдралаа битгий нураагаасай гэж хүсч байна” хэмээгээд кино сонирхогчдыг киногоо үзэж өөр өөрсдийн үнэлэмж, дүгнэлтээ гаргахыг хүссэн юм.
“Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичсэн жүжигчин Г.Бямбасүрэн“Миний нууц” киноны зураг авалтын явцад“Тэнгэрээс буусан од” киноны зохиолын санаа анх төрсөн. Кино зохиолоо жил гаруйн хугацаанд бичсэн. Кино маань үзэгчдэд их таалагдаж байгаад маш их баяртай байна.
Кинондоо маш чухал гурван зүйлийг илэрхийлэхийг зорьсон. Нэгдүгээрт, Монголчууд бид хэт орчин үежиж, баялаг өв соёлоо мартах шахсан байна. Гэтэл гадаад хүмүүс бидний өв соёлыг яаж хайрлаж, хүндэлж биширч байгааг харуулахыг зорьсон. Хоёрдугаарт, хүнийг мөнгө ямар их эвддэг вэ, хүн мөнгөтэй болоод ирэхээрээ өөрийн дотоод мөн чанараа хэрхэн гээж байгааг ойлгуулах, Гуравдугаарт, одоо үед хосуудын нэг нэгнээ уучлах сэтгэл ямар байна гэдгийг харуулахыг хичээлээ” хэмээн ярилаа.
Кино дууссаны дараа “Тэнгэрээс буусан од” киноны нээлтэд уригдсан MУСТА Б. Амарсайхан, Д.Ганцэцэг нарын сэтгэгдлийг сонссон юм.
МУСТА Б.Амарсайхан: “Хувьсгал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Киноны хувьд дүрүүд дээрээ маш сайн ажилласан нь харагдлаа. Мөн Монголчууд бидний орхигдуулсан өв соёлыг өөр орны хүний дүрээр илэрхийлж гаргаж ирсэн нь маш их таалагдлаа.
MУСТА Д.Ганцэцэг: “Хувьсгал” продакшны тайзны хамгийн анхны бүтээл “Надаар тоглосон хайр” жүжигт гол дүрд тоглож байлаа. 2013 онд А.Ганчимэгтэй хамтраад “Хувьсгал” продакшны дэлгэцийн уран бүтээлүүд хийж байсан. Харин өнөөдөр “Хувьсгал” продакшны 20 жилийн ой дээр А.Ганчимэг бид хоёр “Хувьсгал” продакшны шинэхэн уран бүтээлийг үзэгчийн хувиар үзлээ.У.Уранчимэг эгчийнхээ ур чадвар, сэтгэмжийн хурдаар гайхамшигтай сайхнаар аяллаа.
Энэ дашрамд залуучууддаа хандаж хэлэхэд олон зууны түүхтэй монгол өв соёл, уламжлаа дээдэлж, өвөг дээдсээ хүндэлж хайрлаж яваарай.“Тэнгэрээс буусан од” киног заавал ирж үзэхийг уриалж байна.
Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав.
Мөн “Тэнгэрээс буусан од” киноны хоёр дахь дууг жүжигчин Г.Бямбасүрэн “Мотив” хамтлагтай хамтран дуулж анх удаа сонсогчдын хүртээл болголоо.
Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг, продюсероор Г.Цоггэрэл ажиллажээ.
Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг, Стив Морел, туслах дүрүүдэд Э.Батнямбуу,МУСТА Г.Эрхэмбаяр, УДЭТ-ын жүжигчин СТА С.Амгаланбаатар, МУГЖ С.Лхагвасүрэн, Ц.Төмөрбаатар нар оролцон тогложээ.
Г.Нараа