Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа.
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон мэдээлэл байна. Та энэ талаар тодруулж хэлнэ үү?
-Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гаргаад байна.
-Ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэхээр болов?
-УИХ-ын дарга захирамждаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа.
-Зарим албан тушаалтны томилгооны асуудал хэлэлцэнэ гэсэн яриа байна, энэ үнэн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байгаа.
-Ээлжит бус чуулганы бэлтгэл хангагдаад байгаа гэж үзэж болох уу?
-Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 06-ны хооронд Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг татвар төлөгчид, бизнесийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан.
Эдгээр хуулийн төслийг холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэн саналын томьёоллоо бэлтгэж, ээлжит бус чуулганд оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болгох юм. Мөн энэ сарын 13-ны өдрөөс бусад Байнгын хороод хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
-Хаврын чуулганаас эхэлж гишүүд хурууны хээгээрээ ирцэд бүртгүүлж, саналаа өгдөг болох дэгийн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэх үү?
-Тэгнэ. Энэ талын техникийн шийдлүүдийг надад танилцуулсан. Манай Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийнхэн өдөр шөнөгүй ажиллаж, бэлтгэл ажлын явцын талаар байнга мэдээлж байгаа. Одоогоор бэлтгэл ажил ямар нэгэн саад тотгоргүй, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс