Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын ээлжит бус чуулганаар өргөн баригдсан байгаа АТГ-ын дэд даргын хугацаа дууссан. Хоёр хүний нэрийг оруулсан байгаа. Тэр хэлэлцэгдэх байх. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн хугацаа нь дууссан. Энэ мэт асуудлыг хэлэлцэхийг хүссэн бичгийг өчигдөр явуулсан. Ерөнхийлөгч ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг хүссэн. Тооны хувьд хэдэн гишүүнийг шалгаж байгааг бол мэдэхгүй. Хуулийнхан хариулт өгөх биз” гэв.
Ингээд мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жанжин штабын харьяанд байдаг цэргийн ангиудад удаа дараа цэрэг, алба хаагч амиа алдсан хэрэг гарлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
-Жанжин штабын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар ажлаа хийж байгаа. Цэргийн ангид гарсан харамсалтай хэргийн талаар Жанжин штабаас мэдээлэл өгсөн. Ер нь бол нэг байгууллага ийм удаан хугацаагаар даргагүй байж болохгүй.
-Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа юу?
-Эрдэнэтийн 49, 51 хувь гэхгүй Эрдэнэт үйлдвэр 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учраас Ерөнхийлөгчийн зүгээс тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг дэмжиж байгаа. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа томоохон үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болох талаарх чиглэлийг УИХ, Засгийн газарт өгсөн. Мөн ҮАБЗ Сайншандын төмөр замын ажлыг энэ хавар эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Үүнийг ЭТТ-н ашигаар тавина. Төр 85 хувийн ашгаа авч төмөр зам тавих гэж байгаа учраас иргэд ногдол ашгаа заавал авах нөхцөл бүрдсэн.
– 49 хувийг дотоодын компани худалдаж авах үед та УИХ-ын дарга байсан. Та уг хэрэгт холбоотой юу?
– 49 хувийг надад мэдэгдэхгүйгээр, хулгайгаар нууцаар тэр компанид өгсөн. Уг нь би УИХ-ыг төлөөлж байсан. 49 хувийг хувийн компани авч болохгүй гэж би үзэхгүй байгаа. УИХ-аас асуугаад гишүүдийн олонх дэмжээд ямар ч хувийн компани авч болох байсан. Тиймээс үүнд миний оролцоо байхгүй.