Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэглээг бууруулах зорилгоор сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан, үйлдвэрээс гарч байгаа түлшний чанар сайн байгаа, сэрүүний улирал эхэлмэгц гэр хорооллын айл өрхүүдэд хэрхэн түгээж, борлуулахаар төлөвлөөд байгаа зэргийг ажлын хэсгийнхэн ЗГХЭГ-ын даргад дэлгэрэнгүй танилцуулав. Жилдээ 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа боловч уурхайгаас нүүрсээ татан авах тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар энэ үеэр хэлсэн юм. Хариуд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уурхайн амнаас нүүрс татах тээвэрлэлтийн асуудлыг холбогдох яамдын сайд нартай хамтран ойрын үед шуурхай шийдвэрлэнэ” гэсэн юм.

Мөн ажлын хэсгийн зүгээс ЗГХЭГ-ын даргад хандаж ажлын хэсгийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, чиг үүргийг тодорхой болгох, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулж ирэхгүй байхад хяналт тавих цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын бүтэц, орон тоог шийдэх, тухайлбал агаарын бохирдол хариуцсан нэгж цагдаад байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүссэн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн утааг арилгах нь Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, нийслэлийн удирдлагуудын тус тусдаа хийх ажил биш, харин ажлаа хооронд нь уялдуулах, гал түлж байгаа хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгааг тодотгосон юм. Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зэргээр богино хугацаанд хийх ажлуудаа тодорхой болгосон шиг Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хаана, хэн юу хийх нь маш тодорхой, дараа нь хариуцсан эзэнтэй байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, урин дулаан боллоо гээд утааг марталгүйгээр харин ч шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлж ажиллах үүрэг, чиглэлийг тус ажлын хэсгийнхэнд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …