Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны хамгийн сүүлд гаргасан “СҮНСНИЙ ТОМЪЁО” номоос онцлох 10 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.
1.Санаандгүй явдлууд тохиолдоод эхлэхээр л амьдрал жинхэнээсээ амьдрал болдог. Бүх тохиолдол санаандгүй учраас юу ч тохиолдож мэдэх магадлал өсч буй хэрэг.
2.Дурсамж хэзээ ч дуусахгүй. Гунигтай нь элж бүдгэрээд, гэрэл гэгээтэй нь сэтгэлд илүү тод үлдсэн байна.
3.Цаг хугацаа гэдэг эрхи хэлхсэн мэт юм. Хойш буцаад дурсамжаа тэмтрэх, урагш ахиад мөрөөдлөө имрэх аль аль нь хурууны үзүүрт. Гэвч дурсах, мөрөөдөх тусмаа чи тэр хэлхээст улам л бат бөх уягдаж, сүүлдээ өөр юуг ч бодох сөхөөгүй болтлоо баглагдана.
4.Шаналсандаа орь дуу тавин уйлж байгаа нь бус шаналалдаа бөглөрөн таг чимээгүй суугаа нь л зовлонд илүү гүн нэрвэгддэгийг мөн ухаарах шиг болжээ.
5.Амьдрал гэдэг ч эсэн бусын зүйлийн эхлэх төгсгөл хоёр л юм аа даа. Гайхаж биширнэ, гайхахаа болино. Баярлаж баясна, баярлахаа болино. Дурлана, дурлахаа болино. Хөгжимд автана, тэгснээ бүр сонсохоо ч болино.
6.Жаргалгүй амьдрал гэдэг нь юу ч тохиолдсон үргэлж таагүй явдал болон хувирдаг, баясал жаргалынхаа төлөө хийсэн зүйл ч гутрал төрүүлдэг, хүсч байснаа хааяахан боловч түүндээ мөн сэтгэл дундуур үлддэг тийм л амьдрал юм.
7.Ямар ч шархыг зөнд нь л орхичих юм бол цагийн эрхээр сэтгэл өвтгөхөөргүй болдог. Шархалсан зүрхийг хүрээлэн буй хөндүүрлэгч агаар мандал бас л уян харимхай, сэтгэлийг дагаад тэлж, сэтгэлийн аясаар агшина.
8.Аливааг мартана гэдэг тайвшрал. Харин эргэн санана гэдэг барьц алдмаар зүйл.
9.Төрмөл чанараараа худалч хүмүүс үнэнд итгэдэггүй. Төрмөл чанараараа шунахай хүмүүс шуналгүй сэтгэлд итгэдэггүй. Төрөлхийн харамч хүн өгөөмөр занг хардаж сэрддэг. Муу хүмүүс сайн хүмүүсийг олж хардаггүй. Тэдний санаа сэтгэлд шударгуу ариун зүйлс багтаж төсөөлөгдөх уудам орон зай байдаггүй. Тийм хүмүүс ямар ч нийгмийг ердөө л завхрал болгож хувиргана.
10.Цаг хугацаа юуг ч анагаадаггүй. Өчнөөн жил өнгөрсөн ч бид нэгэнт шархалсан бол шархтайгаа л үлддэг. Тэр хэвээрээ л үхнэ.