УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлсэн. Ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар нам байгуулж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар мэдээллэхдээ “АН-аас Үндсэн хууль зөрчиж УИХ-ын гишүүдийг намаас хөөсөн. Үүний улмаас миний бие АН-ын удирдлагуудад сануулга өгч намаас гарсан. Гэсэн ч АН-ын удирдлагууд алдаагаа засах гэж оролдсонгүй. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг эрх зүйн чадамжгүй болсон. Энэ явдлын дараагаар Ж.Батзандан гишүүн бид хоёр сонгогчидтойгоо уулзахад сонгогчид маань 100 хувийн саналаар ард түмний сонголтыг үгүйсгэсэн АН-ын үйлдлийг буруутгаж байсан. Энэ дагуу 2019.03.18-ны энэ өдөр УИХ-д суудалтай шинэ намыг зарлаж байна Бид Монголын хамгийн зөв бодлогуудыг хэрэгжүүлэх болно” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголыг хамгаалах улс төрийн хүчин Монголд хэрэгтэй байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах цоо шинэ хүчнийг Монголын ард түмэн үгүйлж байна. Тиймээс шударга ёс, хуульч ёсны төлөөх намыг байгуулж байна. Нам үүсгэн байгуулах их хурлыг ойрын хугацаанд хуулийн хүрээнд зохион байгуулах болно. Их хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх болно” гэв