Монгол Улсад УИХ-ын гишүүн бусдыг хутгалсан анхны тохиолдол гарчээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд танхайрч бусдыг хутгалсан гэх асуудалд холбогдоод байгаа билээ. Тэрээр “Би хүн хутгалаагүй, харин надруу “Мунзуй” хэмээх Г.Нямдорж хутга барьж дайрсан” хэмээн мэдэгдэж байгаа билээ. Энэхүү хэргийн гэрч Г.Нямдорж “Би гавъяа байгуулаагүй болохоор хэвлэл мэдээллийнхнээс дөлж явсан. Гэтэл Н.Номтойбаяр байлгаж суулгахгүй гүтгэхээс гадна ярих зайлшгүй асуудал надад байна. Тэр юу вэ гэвэл Н.Номтойбаяраас зугтаагаад эх орондоо ирж чадахгүй байгаа гурван хүүхэд, хоёр том хүний тухай юм” гээд яриагаа эхэллээ.
-Сүүлийн арав гаруй хоног “Мунзуй” хэмээх Г.Нямдорж гэдэг хүний муу муухайг дуудлаа. Та яагаад дуугарсангүй бэ?
-Би сүүлийн арав гаруй хоног хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгүүллээ, доромжлууллаа. Өт хүртэл биедээ хүрэхээр атирдагтай адил тэсвэр тэвчээр алдагдлаа. Найз нөхөд, гэр бүлийнхэн маань хүртэл уурлаж байна. “Чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гэж. Би үнэндээ хүний мууд дурлаж явдаг эр хүн биш. Миний багын найз Н.Номтойбаяр өөрийн үйлдсэн үйл лайгаа даагаад явчихаж чадахгүй над руу буруугаа чихэх гэж оролдлоо. Эхний үед албан тушаалтайгаа үлдэх гэж чармайж байна гэж бодсон. Гэтэл сүүлдээ намайг гэмт этгээд, луйварчин гэж зарлаж байна. Би гэмт хэрэгтэн юм бол шоронд байна биз дээ. Монголын цагдаа МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гээд мэдэгдээд байхад “Мунзуй” хэмээх Г.Нямдоржид эрүүгийн хуулийн 181.3-аар хэрэг үүсгэсэн гэж бичээд байх юм. Н.Номтойбаяр хуулиас дээгүүр эрх мэдэл эдлээд байж болохгүй биз дээ.
-Таныг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл тасарсангүй?
-Намайг эрэн сурвалжилж байгаа юм уу, эрүүгийн хэрэг үүсгэсэн үү гэж цагдаа дээр очсон. Тэгтэл үгүй гэсэн байхгүй юу. “МАК” гэдэг компани монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр төлбөртэй мэдээлэл цацсан. Хэвлэлийн дайралт гэдэг аймаар юм байна. Цагааныг хар, үнэнийг худлаа болгох баячуулын тархи угаах хэрэгсэл юм биш үү?
-Оргон зайлсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас уучлалт гуйсан гээд бичээд байсан шүү дээ?
-Намайг уучлалт гуйгаасай гэж мөрөөдөхгүй юу. Би түүнээс юу гэж уучлалт гуйх юм бэ. Бүр гадаад руу гарсан гэж мэдээлсэн. Энэ бүхний цаана мөнгө урсаж байсан. “Мунзуй” Г.Нямдорж гэдэг хүнийн УИХ-д өрсөлдөх гэж байгаа юм шиг муу муухайгаар сурталчиллаа. Одоо болоо юм биш үү. Эхний тав хоног харсан. За ингээд болино биз дээ гэж. Тэгтэл та бидний сонгосон төрийн түшээ маань иргэн Г.Нямдоржийг гэмт хэрэгт гүтгээд эхэлдэг байна. Би чинь сэтгэл зүрхтэй, найз нөхөдтэй хүн шүү дээ.
-Тантай утсаар ярих ч юм уу, сүрдүүлсэн үү?
-Номтойбаяр уу, чадахгүй шүү дээ. Тэр чинь ганцаараа хүн зодож чадахгүй хүүхэд шүү дээ. Тэр хүн уснаас хуурай гарахын тулд улс төржүүлж эхэлсэн. Ардчилсан намын үед эрүүгийнхэн даварч байна. Х.Тэмүүжин сайдаа Мунзуйгаа аваач ч гэх шиг. Би эрүүгийн гэмт хэргээс төрөөгүй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэдэг хүнийг таних ч үгүй. Зурагтаар л харсан. Х.Тэмүүжин сайд намайг аваад яах юм бэ. Зүгээр ажлаа хийж яваа хүнийг шоронд хийх юм уу.
-Нэг ёсондоо шоронд хийгээч гэсэн үг үү?
-Би төрөөр хүмүүжсэн хүн. Хар багаасаа өнчирч хатуу ширүүн амьдрал туулахдаа алдсан явдал бий. Тийм учраас намайг хүмүүжүүлсэн төрдөө залбирч явдаг. Энэ төр бидний эцэг, хууль бүх хүнд тэгш шударга үйлчилдэг л юм бол Н.Номтойбаяр гэдэг хүнийг төр хүмүүжүүлэх цаг болжээ. Монгол Улсад УИХ-ын гишүүн хүн хутгалсан анхны тохиолдол гарлаа шүү дээ.
Н.Номтойбаяр Чикогод гэмт хэрэгт өдүүлэн АНУ-ын шүүхээр таслагджээ
-Та гэр орноо яаж тэжээдэг хүн бэ?
-УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр ингэж хэлж байна уу. Би өглөө босоод гэр бүлээ тэжээх гээд гардаг. Монголын бүх эрчүүл өглөө босоод гэр бүлээ тэжээх гэж гардаг, ажилдаа явдаг. Харин Н.Номтойбаяр яаж шоудах уу, архидах уу гэж босдог биз дээ. Энэ хүн та бидний амьдралыг мэдэхгүй учраас элэглэж шоолдог юм билээ. Миний хувьд өөрийн гэсэн багахан бизнес хийгээд явж байна шүү дээ. Түүний хэлээд байгаа шиг муу аргаар мөнгө олж явсангүй. Ард түмний баялагаас цөлмөөгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэдийнээс эхэлж мэддэг болсон бэ?
-Манай Дөчин мянгатынх байхгүй юу. Багаасаа тэнэмэл хүүхэд байсан гэхэд болно. Эхлээд энэ нөхөр чинь нэгдүгээр сургуульд орсон. Тэндээ муу сураад, сахилгагүйтээд хөөгдсөн байхгүй юу. Дараа нь 45 дугаар сургуульд орсон ч бас төгсөж чадаагүй. Би яагаад үүнийг ярих болов гэхээр Н.Номтойбаяр намайг 14 жил шоронд суусан, өөрөө болохоор эрдэм номд шамдсан гэдэг байхгүй юу. Ингээд би найзынхаа Ерөнхий боловсролд анхаарч эхэлсэн дээ. Мань хүн 1978 онд төрөөд 1986 онд дунд сургуульд орсон гэдэг. Гэтэл 17 настай АНУ-д аяга таваг угааж байснаа сонин хэвлэлд ярьсан байна лээ. Миний сонсноор дунд сургуулиа төгсч чадалгүй АНУ явсан.
-Дунд сургуулиа төгсөөгүй хэрэг үү?
-Тийм ээ. Бодоод үзэхгүй юу. Би 24 дүгээр дунд сургууль төгссөн гэрчилгээтэй, зургийн цомогтой хүн шүү. Харин УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаярт тийм гэрчилгээ, зургийн цомог, ангийн хүүхэд байна уу. Байхгүй шүү дээ.
-Н.Номтойбаяр 14 жил гадаадад сурсан юм биш үү?
-2001 оноос эхлэн АНУ-ын Индиана мужийн Валпарайсо их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, практик бизнесийн ангид орж суралцсан гэдэг юм. Тэнд сурч байхдаа мань эр Чикого хотын бааранд архи ууж танхайрч, хүн зодсон байдаг. Тэгээд АНУ-ын шүүхээр таслагдаад албадан гаргуулсан хүн шүү дээ.
-Шүүхээр ял авсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах бэ. Энэ бүхэн баримттай, баталгаатай зүйл шүү дээ. Хууль хяналтын байгууллагынхан АНУ-ын Чикого хотын шүүхээс гаргасан Н.Номтойбаярт холбогдох хэргийн материалтай танилцаж болно. Тэгэхээр яаж Индиана мужийн Валпарайсо их сургуулийг хос мэргэжлээр төгсөх юм бэ. Мань хүн чинь нэг хэсэг АНУ руу орж чаддаггүй байсан юм. Тэгээд ч дунд сургуулиа төгсөөгүй хүний диплом хуурамч байх нь ойлгомжтой биз дээ.
-Холбооны бүгд найрамдах Герман улсын техник эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн юм биш үү?
-2009-2011 оны хооронд Герман улсад дээд сургууль, магистр хамгаалсан гэж байна уу. Чи нэг зүйл анзаарсан уу. 2001 онд АНУ, Герман улсад сураад байсан байдаг. Бас Тагнуулын Ерөнхий газар 2001-2009 онд ажилласан гэдэг байхгүй юу. Инээдтэй байгаа биз дээ. Хэдийд нь тив алгасаж сураад, ажиллаад байсан нөхөр вэ. Миний мэдэхээс гадаадад сурч байгаа нэртэй, барнаас барны хооронд, зочид буудал хэсээд явсан нөхөр шүү дээ. Нэг онц сурдаг хүүхдээр хичээл номоо хийлгэдэг гээд урьсан юм даа. Ер нь тэгээд бид хоёрын 14 жилийн мэдлэг боловсрол ойролцоо шүү дээ.
“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны цүнхийг бариад явдаг байсан гэнэ.
-Дунд сургуульд байхдаа охин жирэмсэн болгосон гэдэг?
-Уг энэ талаар яримааргүй байгаа юм. Цаадах намайг өдөөд байгаа болохоор хэлээд өгье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан шүү дээ.
-Ер нь танай найз хэдэн хүүхэдтэй юм бэ. Нэг охин нь АНУ-д байдаг сурагтай?
-Манай хүн гурван хүүхдийн эцэг болсон. Миний мэдэхээс шүү дээ. Туяа гэдэг бүсгүйгээс Сүндэрээ гэдэг охинтой болсон. Мань эр тэр охиноо зодоод цаадах нь зугтаагаад АНУ гарсан юм шүү дээ. Туяа нь “Номтойбаяраа чи АНУ-ын иргэнд гар хүрлээ” гээд хашгичаад байна гэсэн. Номтойбаяр охиныхоо чихийг сэт татаад сургууль дээрээсээ эмээ руугаа утасдсан байдаг. Тэгээд эмээ нь сургууль дээрээс нь ирж аваад АНУ гаргачихсан. Охин үрээ хайрладаггүй, Мөнгөншагайгаа хүүгээ гэж хүлээн зөвшөөрдөггүй хүн гэмт хэргээ хүлээхгүй нь ойлгомжтой шүү дээ. Миний гэр бүл, хүүгийн маань доромжилсонд ясны дургуй хүрээд байгаа юм даа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг аавынхаа мэргэжлийг өвлөх гээд Тагнуулын Ерөнхий газар ажиллаж байсан гэдэг шүү дээ?
-Б.Нямтайшир гэдэг хүн өөрийн хөрөнгөөр хайгуул хийгээд Нарийн сухайт, Цагаан суварга, Хүрэн толгой, Хөөт зэрэг 34 орд газрыг ордыг олсон гэж бодож байна уу. Үгүй л байхгүй. Тагнуулын Ерөнхий газар мэдээлэлд ойр байсан учраас улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бэлэн ордуудыг авсан. үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншаарай!