УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн 2019.03.27 нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бөгөөд энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хаана үг хэлсэн юм.
Тэрбээр, Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн баталж, тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүлснийг дурдаад Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан шахуу хуваариар хуралдаж, эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын болон холбогдох яам, байгууллагын ажилтан, албан хаагч, ажлын хэсгийн гишүүд уртасгасан цагаар ажилласны үр дүнд ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөж байгааг онцолсон.
УИХ-ын дарга Ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын багц хуулийг баталсныг онцлоод татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.