УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг “Эрүүдэн шүүсэн” 26 минутын бичлэгийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2019.03.27/ эрүүдэн шүүсэн бичлэгийн үзсэн УИХ-ын гишүүд “үнэхээр эвгүй бичлэг байна”, “хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа”, “Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд орж шөнөжингөө дарамталсан бичлэг байна” “эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, албаар ял тулгаж байгаа бичлэг байна” гэж хариулсан юм.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийх үеэрээ”Өчигдөр УИХ-ын гишүүдэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой яллагдагч нарын бичлэг үзүүлсэн. Б.Содномдаржаа шоронгийн өрөөнд байхад хоёр хоригдол орж ирнэ. Тэдний нэг нь Ц.Амгаланбаатар. Тэд нар тэнд Б.Содномдаржаатай нэг өрөөнд амьдарч байна. Тэд Б. Содномдаржаад шоронгийн дэглэлт хийсэн. Хамт хоригдож байгаа ялтан нь хувинд шээгээд цааш явахад нь Ц.Амгаланбаатар тэрийг нь Б.Содномдаржаагийн нүүр рүү “хэргээ хүлээ л дээ чи” гээд цацсан. Өрөөнд нь 00 байхгүй, хувинд бие засдаг.
Бичлэгийг олон нийтэд үзүүлэхдээ эх хувилбарыг үзүүлж болохгүй. Харин жүжиглэсэн тоглолт маягаар олон нийтэд үзүүлэх ёстой. Яг энэ байгаар нь бичлэгийг үзүүлж болохгүй хоёр тохиолдол байна. Нэгд, ялтан. Содномдаржаагийн хөгшин ээжид эвгүй санагдана. Хоёрт, тэр хоригдож байгаа хүний эрхт нөлөөлнө.
ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ шоронд хоригдлууд л шоронгийн хувцас өмсдөг, ШШГЕГ-ын ажилтнууд нь энгийн хувцастай байдаг. Дүрсэн дээр бол энгийн хувцастай нөхөр орж суугаад, Б.Содномдаржаа руу “чи яасан хэргээ хүлээдэггүй юм бэ” гэх зэргээр гараа далайлгаж байсан үйл явц харагдсан.
Ямар ч хүнийг эрүүдэн шүүж болохгүй. Өнөөдрийг хүртэл С.Зоригийн хэргийг шалгуулна гэж төсөв гаргаж, шалгаж ирсэн. Үнэн мөнийг олох ёстой. Үнэхээр ял авсан энэ гурван хүн буруугүй бол өршөөх ёстой. Зоригийн хэргийн үнэн мөн илрэх ёстой. Алуурчдыг нь олох ёстой. Харин олохын тулд эрүүдэн шүүж болохгүй. Энэ хэргийг тайлах гол хүн, гэрч нь Булган шүү дээ“гэлээ.
Г.Нараа