Эх хүний хайрыг мэдрүүлсэн “Халуун зүрх”

Анхилуун бол аавын хайранд умбаж, эрхэлж өссөн охин. Тэр хайр дурлалдаа умбан гэрлэлтээ батлуулж, хайрын бэлэг тэмдэг болох бяцхан үрээ хэвлийдээ тээж үгээр хэлэмгүй аз жаргалтай байлаа. Гэтэл түүнд санаанд ч оромгүй гэнэтийн явдал тохиолдох бөгөөд өөрт тулгарсан бүх л саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчээр заан давснаар киноны үйл явдал өрнөнө. Энэ бол MУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Халуун зүрх” кино юм. “Халуун зүрх ” киноны нээлт гуравдугаар сарын 29-ний өдөр ”I MAX” кино театрт боллоо.

“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээн өгүүлэх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ.

Хоёр уран бүтээлч анхны дэлгэцийн уран бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн байна.

“Халуун зүрх” уран сайхны киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, Т.Сэргэлэн, Б.Тамир, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ.

Мөн тус кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг,МУАЖ П.Цэрэндагва, бяцхан дуучин Энжи буюу А.Эрдэнцэцэг, Т.Өөдөө нар урилгаар тоглосон юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.

“Аримун” продакшны үүсгэн байгуулагч, “Халуун зүрх” киноны найруулагч, жүжигчин МУСТА, Д.Ганцэцэг:Киног маань өглөө үзсэн үзэгчдээс маш их сэтгэгдэл ирж буйд их баярлалаа.“Халуун зүрх”киногоор нэг зүйлийг ойлгоосой гэж хүссэн. Тэр нь юу гэхээр хүн болгон энэ ертөнцөд тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Үүргээ гүйцэтгэхийн тулд маш их саад бэрхшээл тохиолддог. Хүн өөрөө эс хүссэн ч хүсээгүй ч зовлонд унагах бус тэрхүү сорилтыг сэтгэлийн хүчээр давж гарснаар ирээдүйд сайн сайхан зүйлтэй учирна. Энэ бүхнийг ойлгоосой гэж хүссэн.

Хэрвээ та хүсч байвал зорилгынхоо төлөө хэзээ ч шантралгүйгээр тэмцээрэй. Тэгвэл таны хүсэл хэзээ нэгэн цагт биелж амьдрал таныг шагнах болно. Мөн хүн болгоны зүрх сэтгэлд нандигнаж байдаг, үргэлж ээж, аав шигээ нандигнан дээдэлж байдаг хайр бүхэн таны үргэлж ариунаараа мөнхөд орших болтугай хэмээн хүсч энэхүү уран бүтээлээ хийсэн.

Миний хүү Буржаак хүүгийн дүрийг бүтээсэн. Хүү маань анх зохиолоо уншсаны дараа “инээдтэй зохиол байна” гэсэн. Өөрөөсөө эгч хүнд дурлачхаад “хайр аа”, “үнсье” гээд байгаа нь инээдтэй санагдсан байх. Мөн “миний тоглох хэсэг есөн хэсэгтэй юм байна. Нэг хэсгийн зураг авалтыг 100 мянгаар үнэлээд, та миний цалинг өгч чадах юм бол тоглож болох юм байна” гэж хэлсэн. /инээв/

Буржаак хүүгийн дүрд тоглосон Б.Хангал:Би кинонд хөгжилтэй дүр бүтээсэн. Киноны хамгийн хэцүү хэсэг гэвэл миний тоглох сүүлийн зураг авалтад цас шиддэг үзэгдэл гардаг, тэр үед гар маань их даарч байсан.

Эрдэнэ эмчийн дүрд тоглосон жүжигчин, МУСТА Б.Тамир:Сүүлийн үед надад дүрийн санал ирэхгүй байсан. Ямарваа нэг зүйлийн эхлэл чухал байдаг. Тэр зүйлийн сууринд нь хамтдаа байгаад, бие биедээ тус дэм болоод чин сэтгэлээсээ хамтран ажилласан. Миний хувьд Эрдэнэ гэдэг эмчийн дүрд ажилласан. Энэхүү дүр хайр сэтгэлийнхээ төлөө явж байгаа эмчийн дүр. Эр хүн хайртай хүнийхээ төлөө дотроо юуг тэсч давах уу, түүнийхээ төлөө юуг золиосолж чадах уу гэдгийг харуулах боломжтой дүр санагдсан.

Киноны гол дүр Анхилуун бүсгүйн бага насанд тоглосон Энжи буюу А.Эрдэнцэцэг: Кинонд тоглоход надад хэцүү байгаагүй. Харин цастай ойд зураг авалтад оролцоход аягүй их даарч байсан.

Кино дууссаны дараа “Халуун зүрх” уран сайхны киноны нээлтэд уригдсан жүжигчин Э.Алдар, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын сэтгэгдлийг нь сонссон юм.

Жүжигчин Э.Алдар:“Аримун” продакшны уран бүтээлчдэд дэлгэцийн анхны уран бүтээлээ өлгийдөн авч байгаад баяр хүргэе. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг харуулсан.Эмэгтэй хүн болгоныг хүндлэхийг ухааруулсан сайхан кино болжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатар:Хоёр Ганаа маань баг хамт олноо сайн бүрдүүлсэн байна.Жүжигчдийн тоглолт сайтай, сайхан уран бүтээл болжээ. Нэг бахархууштай зүйл гэвэл манай монгол кино өндөр түвшинд гарч эхэлж байна даа. Олон олон хүнд амьдрах итгэл өгөх болсон бүтээл болсон байна гэж бодлоо.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …